Ч.Хүрэлбаатар: ОУВС урамшуулал байж болно гэсэн

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: ОУВС урамшуулал байж болно гэсэн

Ч.Хүрэлбаатар: ОУВС урамшуулал байж болно гэсэн

Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

-Эзгүй үед нэгнийхээ карт, кнопоор оролддогоо болиоч ээ. Ширээн дээр тавьсан бичиг баримт хүртэл алга болчих юм.

Сангийн сайдаас ганц зүйл асууя. 2018 оны төсөвт хүүхдийн мөнгийг 60 хувьд өгөхөөр заасан. Бүлэг дээр төсөв ярьж байхад та “Олон улсын валютын сантай ярьсан, нийт хүүхдийн 80 хувьд өгөх боломжтой” гэсэн. Бид дөрвөн сарын өмнө бүх хүүхдэд мөнгө олгох шийдвэр гаргасан. Хэдийгээр энэ шийдвэрийнхээ төлөө  огцорсон ч гэсэн ард түмний хүсэн хүлээж байсан зүйл шүү, бүх хүүхдэд мөнгө өгөх нь. Ядаж 80 хувьд хүүхдийн мөнгө олгож чадах уу?

Эдийн засаг хүнд байна. Ийм үед Засгийн газартайгаа ярихгүйгээр төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэж, эрх барьж байгаа намынхаа нэр хүндийг унагадаг бодлогын алдаануудаа засах уу?

УИХ-ын дарга М.Энхболд

-Ж.Мөнхбат гишүүний карт оролдсон, юм алга болсныг чинь анхаарч, асуудлыг нь шийдэх ёстой шүү, УИХ-ын Тамгын газрынхаан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Засгийн газар 2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнийхээ үр дүнд хямралаас гарна. 5.5 тэрбум ам.долларын эх үүсвэр авч ашиглана гэдэг нөхцөл тохирсон.

2018 оны төсвийг хийж байхад ОУВС –гийн төлөөлөгчид Монголд ажилласан. Ярилцаад нийт хүүхдийнхээ 80 хувьд олгоё гэдэг асуудал тавьсан.

55 тэрбумтай холбоотой асуудлыг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Засгийн газрын гурван талт хэлэлцээрийн дүнд шийдсэн. Өнгөрсөн хугацаанд цалин төгрөгийн ханшийн уналтад идэгдсэн.

Тийм учраас ОУВС-тай хоёр ч уулзалт дамнуулж ярьж байгаад бодит нөхцөл нь ийм байгаа бол нэг удаагийн урамшуулал маягаар шийдэж болно гэсэн. Энэ дагуу шийдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Өрийн бодлогын зохицуулалт дээр ямар өөрчлөлт гаргах вэ. 300 мянган төгрөгийн урамшууллыг зөв гэж бодож байгаа.

Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгалаа. Эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ.

Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж индексжүүлэхээр болсон шиг цалинг мөн ийм тогтолцоотой болгохоор бид төлөвлөж байсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгаж байна, уйгагүй хөдөлмөрлөж байж үр дүн гарна. Цалинг индексжүүлэх асуудлаар санал нэг байна.

ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөр 2018 оныг дуустал цалин нэмэхгүй гэсэн. Нэг удаагийн урамшууллыг шийдвэрлүүлэхдээ нэг удаагийн төлбөр маягаар шийдмээргүй байна гэсэн.  Индексжүүлэх, өөрсдөө орлогоо олоод цалингаа нэмдэг байх боломжийг нээх хэрэгтэй талаар ярьсан. Эргэж ярихаар болсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа

-Хороогүй цэцэрлэг 35 байгаа. Улсын хэмжээнд нийт 90 цэцэрлэг, 50 сургууль барихаар төлөвлөсөн. Газрын асуудал байгаа. Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллана. Газар байхгүй хороодын цэцэрлэгийг шийдэхийн тулд нийслэлийн нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргуулж, шийдвэрлүүлнэ.

Мөн насжилт өндөртэй сургууль, цэцэрлэгийг нурааж, суудлынх нь тоог нэмэх маягаар шийднэ. Төрийн захиргааны байгууллагууд болон томоохон компаниуд санаачилга гаргаад байгууллагынхаа дэргэд сургууль, цэцэрлэг байгуулахыг бодлогоор дэмжинэ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Говь-Алтай аймгийн таван сумыг хамарсан газар хөдлөлт болж, Чандмань сургуулийн дотуур байр, сургууль, Эрдэнэ сумын цэцэрлэг ашиглах боломжгүй болсон. Хичээлийг зогсоосон. Хүнд болчихлоо. Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэх үү, 2018 оны төсөвт суулгах уу. Онцгой байдлын ерөнхий газраас бичиг ирсэн байна.

Хоёрт, орон нутагт мах бэлтгэлийн ажил ид явж байна. өвөл, хавартаа хүнд болохоор байна. Эдгээр асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

-Газар хөдлөлт болоод сургууль, цэцэрлэгийг ашиглах боломжгүй болсныг харсан. Төсөвт нь суулгаад явна гэж бодож байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа: Эрдэнэ суманд цэцэрлэгийн асуудлыг холбогдох хүмүүстэй нь холбоод хохирлын хэмжээ тооцоо судалгаан дээр нь ажиллаж байна.

Чандмань суманд сургууль ашиглах боломжгүй болсон. Энэ мэтчлэн зайлшгүй шийдэх шаардлагатай асуудал гардаг учраас төсөвт хөрөнгийг нөхөж тавих боломж байна уу, нэмэх боломж байна уу гэдгийг яръя. Өвөл болж, барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон ч хичээл тасалдуулахгүй байхад анхаарч ажиллана.Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг: Мах бэлтгэлийн мөнгө гэж төсөвт хөрөнгө суулгаагүй. Аж ахуйн нэгжүүд зээл аваад мах бэлтгэхэд нь зориулж 5.6 тэрбум төгрөгийг тавьж өгсөн. Гантай байсан хадлан тэжээл бэлдэж чадахгүй байгаа. 1.4 сая орчим тонн өвс шаардлагатай. Үүнээс 800 мянган тонн өвс бэлтгэх боломжтой. Бусдыг нь тэжээлээр нөхөхөөр ажиллаж байна. ОХУ-аас тэжээл оруулж ирэхээр ажиллаж байна. Малчид махаа тэжээлээр солих боломжтой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж