Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Европын холбоо түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улс 1990-ээд оны эхээр бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ зорилтын хүрээнд Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг гэдгийг тэрээр уулзалтын эхэнд хэллээ. Европын холбоог нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах гарцыг эрэлхийлэхэд түшиг тулгуур болох чухал түнш гэж үздэг. Хүнд хэцүү цаг үед биднийг үргэлж дэмжиж, туршлагаасаа хуваалцан, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэхдээ ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг сайжруулж, үргүй зардлыг багасгаж, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлж ажиллана. Мөн мэргэшсэн төрийн албыг бэхжүүлж авлигатай тэмцэж, хууль дээдлэх зарчмыг бүх түвшинд баримталж, шударга ёсыг тогтооно. Эдгээр зарчмыг тусгасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгавар гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.
Мөн манай улс хоёр хөрштэйгөө уламжлалт, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Мөн гуравдагч хөршийн бодлогыг улам бэхжүүлнэ. Энэ хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт та бүхэнтэй өргөнөөр харилцана гэлээ.
Европын холбоотой хөгжүүлж болох хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн нээж чадаагүй байна. Тодорхой салбаруудад Европын холбооны эдийн засгийн бодит ашиг сонирхлыг бий болгоход анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайд нараас хүслээ.
Манай Засгийн газар уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа хөгжүүлэхийг зорьж байна. Тэр дундаа иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүд болон бусад салбарт Европын холбооны гишүүн орнуудын хөрөнгө оруулагчид, Европын банк, санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд Элчин сайд нарын дэмжлэг туслалцаа чухлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.