Шинзо Абэгийн “аюултай” амбиц

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Шинзо Абэгийн “аюултай” амбиц

Шинзо Абэгийн “аюултай” амбиц

Японы парламентын сонгуульд ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам ялалт байгуулж, тэрбээр дэлхийн II дайнаас хойшхи Японы хамгийн хүчтэй, амжилттай удирдагч боллоо. Японы болон барууны хэвлэлүүд өнгөрсөн ням гаригийн сонгуулийн үнэмлэхүй ялалтын тухай бичиж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Японд албан ёсны айлчлал хийхийн өмнө Шинзо Абэ амжиж Засгийн газраа байгуулж, 19 сайдаа эргүүлэн томилсон юм.

Гэвч сонгуульд ялалт байгуулах нь нэг хэрэг. Харин орчин үеийн өндөр хөгжилтэй орны лидерт шидэт дохиур нэгэнт байхгүй учраас эрс шинэчлэл явуулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг хоёр нэгжээр өсгөн, Японы хүн амын хөгшрөлтийг тогтоон барьж, олон хүүхэдтэй болох гэсэн эмэгтэйчүүдийн тоог бууруул гэж тушааж чадахгүй нь өөр хэрэг юм. Бас Японыг захирч буй томоохон корпорацуудад эмэгтэйчүүдийг захирлуудын зөвлөл болон менежментийн багт оруулж, тушаалд дэвшүүл гэж ятгаж бүр ч чадахгүй.

Абэ цөмийн улс болно гэж эргэлтгүй шийдсэн Хойд Солонгосын аюул заналхийллийг зогсоож, хүн амын хөгшрөлттэй холбоотой эдийн засгийн олон тулгамдсан асуудлаас гарц олж, үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах уу гэдэг асуултыг япончууд тавьж байна. “Парламентын сонгуульд байгуулсан түүхэн ялалт үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж олголоо” хэмээн Абэ бахархалтайгаар зарлан тунхаглаж байгаа ч япон иргэдийн дийлэнх нь энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа юм. Японы Үндсэн хуульт ардчилсан намын лидер Юкио Эдано хэлэхдээ “Одоогийн үндсэн хууль Японы аюулгүй байдлыг сайтар хамгаалж байгаа” хэмээн цэрэг армийн хүчийг нэмэгдүүлэх Абэгийн амбицыг эсэргүүцсэн юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Абэд парламентын дээд доод танхимын гишүүдийн гуравны хоёр хувийн санал хэрэгтэй. Парламентаас дэмжлэг авлаа ч  бүх нийтийн санал асуулга явуулах зайлшгүй шаардлагатай тулгарна. Үүнд цаг хугацаа, хөрөнгө бас дэмжлэг хэрэгтэй. Харин энэ бүх шат дараалсан арга хэмжээ Японы эдийн засагт сөргөөр нөлөөлж мэдэх юм.

Шинзо Абэгийн зорилго бол АНУ-аас “үрчилж авсан” үндсэн хуулиас Японыг хараат бус болгох юм. Гэвч бүс нутагт таагүй нөхцөл байдал үүсгэхгүйгээр энэ асуудлыг хэрхэн эвтэйхэн шийдэх вэ гэдэг нь Шинзо Абэгээс дипломат шийдэл шаардаж байна.Япон улс үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг бол Хятад болон хоёр Солонгосын хувьд таагүй мэдээ юм. Д.Трампын адилаар бусад улс юу гэх нь Абэд сонин биш боловч Японы гадаад аюулгүй байдал АНУ-ынхаас ч эмзэг болж мэдэх юм.

Солонгосын хойгт цөмийн дайн дэгдвэл, цөмийн биш дайн байлаа ч тэр Япон хамгийн их хохирол амсах нь тодорхой. Хэрэв Хойд Солонгос АНУ-ын цэргийн бааз руу довтолвол бүр ч дор юм болно. Япон улс үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, цэрэг армийн хүчин чадлаа бэхжүүлэх нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлж болох ч дайны аюулыг арилгаж чадахгүй.

Солонгосын хойгт энхтайван тогтож, хоёр Солонгос нэгдлээ ч Японы аюулгүй байдал эмзэг хэвээр үлдэх магадлалтай. 2050 он гэхэд Японы хүн ам 107 саяд хүрч, 65 –аас дээш настнууд хүн амын 40 хувийг эзлэх юм. Харин тэр үед хоёр Солонгос нэгдвэл 475 сая хүн амтай улс Японы хүчирхэг эдийн засгийн том өрсөлдөгч болж гарч ирэх билээ.

Цэрэгжилт, цөмийн зэвсгээр хөөцөлдсөний эцэст юунд хүрснийг япончууд мартаагүй. Харин Шинзо Абэгийн  үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх амбиц нь цагийн зүүг ухрааснаас ялгаагүй зүйл билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж