Монгол уран бүтээлчийн бүтээл Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх болжээ. Монголын Урчуудын эвлэлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээл ийн хөшөө болон сүндэрлэж, аравдугаар сарын 13-нд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын гадна талбайд хөшөөг нээх ёслол болсон юм.
Уран барималч А.Очирболд өмнө нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч билээ.
-“Ухамсар” бүтээлийг хийх санаа анх хэрхэн төрсөн талаар та ярьж өгөөч. Нэгэн ярилцлагадаа “Миний хамгийн хайртай бүтээл” гэж онцолсон байсан. Таны хувьд энэ бүтээлээрээ юу өгүүлэхийг хүссэн бэ?
-Тийм ээ. Би энэ бүтээлдээ их хайртай. Анх “Ухамсар” гэж бүтээл хийх санааг олчихоод, тэр даруй л судалгаа хийж эхэлсэн. Ер нь ухамсар гэж юу вэ? Хүн төрөлхтөн өөрөө юу хийж, бүтээж байна вэ гээд бүхий л зүйлийг эргэцүүлж, бодох болсон. Ухамсар нь хүн болгонд байдаг ч хамгийн далд оршиж байдаг шүү дээ. Хүн өөрөө хэрэглэгч. Хийсэн зүйл нь хүртэл бидний хэрэгцээнд зориулагдсан байдаг. Хүн байгаа цагт ухамсар оршино. Тэгээд л тэр бүх цэгийг холбох ухамсрыг хэрхэн, яаж илэрхийлэх тухай бодож эхэлсэн. Бүтээл маань хүндэтгэлийн хөшөө шиг байх ёстой юу. Хүн төрөлхтөн хүндэтгэлийн хөшөөг хийхдээ ихэвчлэн өндөрлөг суурь дээр байрлуулдаг уламжлалтай. Тиймээс би хамгийн түрүүнд энэ уламжлалыг халж, суурьгүй хийсэн.
Хүн төрөлхтөн орон зайд амьдарч, ул мөрөө үлдээгээд буцдаг. Хүний ухамсар байгаль дэлхий шиг мөнх байдаг учраас бүтээлдээ хүн, түүний ул мөрийг холбож өгсөн. Миний хувьд энэ маш оновчтой дүрслэл болсон гэж бодож байгаа. Ингээд “Ухамсар” бүтээлээ 2013 онд хийж, дуусаад үзэсгэлэнгээ гаргасан. Мэргэжил нэгт уран бүтээлчид маань маш сайхан хүлээж авч “Ямар нэгэн үндэсний хэв шинжгүй, “үнэр”-гүй, дэлхий нийтийн сэдвийг хөндсөн бүтээл болсон байна” хэмээн үнэлсэн. Үүний дараагаар 2014 онд “Норт-Арт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн оролцож, “Үзэгчдийн нэрэмжит” шагнал авч байсан юм.
-Тэгвэл энэ бүтээл маань Нэгдсэн үндэстний байгууллагын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд хөшөө болон сүндэрлэх болсон. “Ухамсар” хөшөөний нээлт өнгөрөгч аравдугаар сарын 13-нд болсон гэсэн баярт мэдээг дууллаа?
-“Ухамсар” бүтээлийн маань НҮБ-ын үйл ажиллагаа, үзэл санаатай нийцэж байсан. Тийм учраас Нэгдсэн үндэстний байгууллагын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд энэ хөшөөг байрлуулах санааг анх Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс “НҮБ-ын өндөр шалгуурт тэнцэж чадвал сайн байна. Материалаа бүрдүүлээд өгөөд үз” гэсэн. НҮБ-ын урлаг хариуцсан комиссоос хоёр жил тутамд нэг удаа сонгон шалгаруулалт хийдэг юм билээ. Энэ жил дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгон шалгаруулалт хийж, миний “Ухамсар” бүтээл шалгарсан.
Мэдээж НҮБ дэлхийн дулаарал, хүн байгалийн салшгүй холбоо гэх мэт өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэн бараг аялал жуулчлалын бүс болчихсон юм билээ. Тэр утгаараа энэ шалгуурт “Ухамсар” бүтээл нийцсэн байх. Монголчуудын хувьд түүхэн ач холбогдолтой хөшөө дурсгал болсон гэж бодож байгаа. “Ухамсар” хэмээх хөшөө маань нэн орчин үеийн шийдэлтэй, НҮБ-ын дараа дараагийн үйл ажиллагааны үзэл санаа энэ хөшөөтэй нийцэж явна гэдэгт итгэлтэй байна. Учир нь хүний ухамсар хийж буй бүхий л үйл хөдлөлтэй холбоотой байдаг шүү дээ.
-Таны бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс шалгарч, улсаа төлөөлөн НҮБ-ын цэцэрлэгт хүрээлэнд байрших боллоо. Та хэр догдлов?
-Миний баярлах бол миний л хэрэг. Энэ хөшөө монголчуудын хувьд түүхэн ач холбогдолтой гэдгээрээ л онцлог. Бид дэлхийн нэг хэсэг гэдгээ энэ хөшөөгөөр харуулж чадаж байна шүү дээ. Бид өөрсдийгөө “Чингисийн Монгол” гээд л өнгөрснөөрөө амьдарч ирсэн. Тэгвэл өнөөдөр бид тэнд хэн нэгэн даргын хөшөө босгосонгүй. Дэлхийн нэг хэсэг болж, байгаль дэлхийн төлөө санаа зовниж буйгаа урлагаар илэрхийллээ. Би үүнд л баяртай байна. Тэрнээс биш “А.Очирболдын бүтээл” гэдэг нь чухал биш юм.
-“Ухамсар” бүтээлээрээ хөшөө босгоход хэр хугацааг зарцуулсан бэ. Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс ямар шалгуурыг тавьсан бол?
-Би 2016 оны хоёрдугаар сараас хөшөөгөө хийж эхлээд, долдугаар сард дуусгасан. Хөшөөг маш сайн гангаар хийсэн. Ер нь ган бол маш хатуу, зэвэрдэггүй, агаарт исэлдэж, төмөр шиг зэврээд байдаггүй.Тиймээс 1000 жилийн дараа ч энэ хөшөө байж л байна. Хамгийн гол нь хөшөөний суурь нь агаарт хөөрчихсөн шиг байрлалтай. Ийм хөшөө дэлхий дээр түгээмэл байдаггүй. Харин хүн буюу ухамсар маань тэнгэр дээр зогсож буй мэт харагдана. Ухамсар нь орон зайн дотор л мөнхөд оршино гэсэн утгатай юм л даа. Хөшөөний суурь доогуураа агаар хөөрч буй мэт хөндий дээгүүрээ ган учраас тэнгэрийн дүрс тусна. Мөн дээр нь хүний мөр байгаа нь материаллаг ертөнцийг өгүүлж байгаа бөгөөд хүний ухамсар тэрхүү ул мөртэй салшгүй холбоотойг өгүүлдэг. Бас гангаар хийсэн учраас салхитай үед өөрөөсөө дуу авиа гаргана. Нартай дулаан өдөр хүний ухамсрыг ган төмрөөр долгионтой сүлжиж хийсэн учраас нар ойж, гэрэл цацруулна. Шөнөдөө хөшөө маань сар тусч, гэрэлтдэг гэсэн үг.
Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс маш нарийн шалгууруудыг тавьж байсан. Би 10 гаруй удаа хөшөөнийхөө зургийг хийж явуулсан. Тэд надаас “Таны хөшөө зэвэрч өнгөө алдах уу, эвдэрчихгүй биз. Хэр бат бөх вэ” гэж асууж байсан. Бид мөнх тэнгэр гэж их ярьдаг. Үүнтэй адил хүний ухамсар мөнх. Хүн төрөлхтөн ухамсраа маш сайн чагнах хэрэгтэй. Ямарваа нэгэн буруу үйлдэл хийхийн өмнө ухамсар нь “буруу” гэдгийг хэлж байдаг. Харамсалтай нь хүн өөрийн материаллаг хэрэгцээг хангахын тулд буруу үйлдэл хийсээр байна.
-Та өмнө нь /2017.05.05/ Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулан бүтээсэн Монголын ард түмний бэлэг болох “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг бүтээсэн шүү дээ?
-“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлт өнгөрсөн хавар Москва хотноо болсон. Би түүхэн үйл явдлыг харуулахын тулд баримтад тулгуурлан бүтээлээ хийсэн. Монголчуудын бэлэглэсэн олон сайхан хүлэг морьд ялалт авч ирэхэд хүчин зүтгэсэн гэдэг санааг гаргахыг зорьсон. Дайны үеэр шавар, намагтай газар хүнд төмөр зэвсгийг морьд л чирч явсан. Тийм учраас дайны хүнд бэрхийг харуулахын тулд реалист чиглэлээр хийсэн дээ. Энэ хөшөөг байршуулах талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа хотын даргад хэлэхэд “Хөшөө нь ур хийц, материалын хувьд нийцэхгүй бол хүлээж авч чадахгүй шүү” гэдэг ганцхан шаардлага тавьсан юм билээ. Тэр шаардлагад “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нийцсэн учраас байрлуулсан гэсэн.
-Энэ жил Монголын урчуудын эвлэлийн 75 жилийн ой тохиож буй. Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хувьд таны бүтээсэн хоёр хөшөө түүхэн чухал үйл явдал болсон байх?
-Монголын урчуудын эвлэл өдгөө 75 жилийн түүхтэй байгууллага. Энэ түүхэн цаг хугацаанд босож буй хоёр хөшөө л дөө. Өнгөрсөн 75 жил хөгжих явцад ОХУ болон НҮБ-д хөшөөгөө байршуулж, төрийн дуулал эгшиглүүлнэ гэдэг Монголын урчуудын эвлэл өнөөдөр ямар түвшинд байгаагаа харуулж байна.
-Таны хувьд их ажлын ард гарчээ. Өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө бий юу?
-Их ажлын ард гарлаа. Цаашдаа өөрийн уран бүтээлийн үзэсгэлэн гаргана . Гэхдээ өнөө, маргааш гэж товлосон зүйл алга. Энэ жил Германд хоёр ч олон улсын үзэсгэлэнд ороод ирлээ. Энэ ондоо багтан нэг үзэсгэлэн гаргана. Одоо уран бүтээлчдийн хувьд хийгээгүйгээ хийж, дэлхий дахинтай нэгэн зэрэг харж амьдрах цаг ирээд байна. Тиймээс ч бид олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож ирсэн. Хэрэвзээ бидний хийсэн бүтээл олон улсын жишигт тэнцвэл бид тэндээс хүссэн хүсээгүй оюуны шагнал авдаг. Орчин цагт урлаг гоо сайхны таашаал өгөхөөс илүүтэй хүнд юу өгөх нь чухал болсон. Тийм учраас уран бүтээлчдээс их судалгаа хийхийг шаардаж байна. Бид хойч үедээ нийгмийн ухамсар руу хандсан, оюун санааны бүтээл, хөшөө дурсгал, үзэсгэлэнг сонирхуулах ёстой. Ялангуяа хөшөө хийхдээ маш сайн бодох хэрэгтэй.