Хүүхдийн мөнгийг энэ сарын 10-аас олгохоор болсон талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа.
-Хүүхдийн мөнгө гурван сар олгогдоогүй саатсаны учир юу вэ?
-2017 оны төсөвт 660 мянган зорилтот өрхийн хүүхдүүдэд 161 тэрбум төгрөг олгохоор төсөвлөгдсөн байсан. Гэтэл 2017 оны Засгийн газрын долдугаар сарын 4-ны өдрийн 201 тогтоолоор бүх хүүхдэд мөнгө өгөхөөр болсон. Үүний дагуу нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон. Санхүүжилт нь дууссан учраас хүүхдийн мөнгө олгох ажил зогсонги байдалд орсон.
-Хүүхдийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Өнөөдрийн байдлаар нэг сая 38 мянган хүүхэд сар болгон 20,000 төгрөгийг авч байна. 2017 оны долдугаар сараас энэ оныг дуустал хүүхдийн мөнгө олгох санхүүжилт байхгүй байсныг 2017 оны төсөвт тодотгол хийснээр хүүхдийн тэтгэмжид зориулж 104 тэрбум төгрөгийг нэмж тусгасан. Ингэснээр бүх хүүхдэд энэ оныг дуустал мөнгө олгоно. Найм ,ес, арван сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-наас эхлэн нөхөж олгоно. Харин үлдсэн 11,12 сарын мөнгө сар болгоны 20 гэхэд олгогдоно.
-Хүүхдийн мөнгө дансанд шууд орох уу, аль эсвэл амьдарч байгаа хороо дээрээ заавал бүртгүүлэх шаардлагатай юу?
-Хүүхэд өөрийн нэр дээр, аль эсвэл эцэг эхийнх нь данс бүртгэлтэй байгаа учраас шууд данс руу орно.
-2018 онд зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд, хүүхдийн мөнгө өгнө гээд байгаа. Ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан өрхүүд 0-1000 хүртэлх оноотой байдаг. 2018 оны төсөв батлагдсаны дараа нийт хүүхдийн 60 юм уу, 80 хувьд нь өгөх үү гэдэгт тааруулаад босго оноо тогтооно.Тэр онооноос доогуур оноотой байгаа хүүхдүүдэд өгнө.