Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцлээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийлж, санал хураалаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг энэ парламентын үед  авч хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл өдөр бүр тулгарч байна. 2018 оны улсын төсөв хэлэлцэж дуусаад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцвэл яасан юм бэ. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020, 2021 оноос сонгогдох парламент жинхэнэ утгаар нь парламентын засаглалыг хэрэгжүүлэх  эсэх асуудал яригдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор лиценз гэдэг ойлголтыг мангас болгож харагдуулж байна. Монгол уул уурхайн салбар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулж, эдийн засгаа урагшлуулахаас өөр аргагүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

-УИХ-ын хариуцлагатай индэр дээрээс хэдэн зүйл хэлмээр байна. Би болон манай ах нар ахмадуудын хөлс хөдөлмөөр бий болсон амбаар ч худалдаж аваагүй. Төсвийн мөнгөөр нэг ч тендерт оролцоогүй, нэг ширхэг ч лиценз эзэмшээгүй, цаашид ч эзэмшихгүй. Одоогоос 2009 онд манай ах нараас  зээл авахдаа Амгаланбаатар гэдэг хүн “Хотгор шанага”-ын ашиглах боломжгүй газрыг барьцаалсан байдаг. Үүний дараа энэ асуудал хоёр тийш болсон. Оюутолгойн гэрээнд би оролцоогүй. Дубайн гэрээг баталж байхад би сөрөг хүчин байсан. Ч.Сайханбилэгийг огцруулахад дэмжиж санал өгсөн цөөхөн хүний нэг нь бий. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд гарсан төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх шийдвэрийг гаргасан. Би Сангийн сайдад нэр дэвшсэн, хориг тавьсан энэ хугацаанд намайг хэтэрхий их доромжилж байна. Буруу зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

-Би улстөрчийн хувьд шинэ Ерөнхийлөгч, парламентын хоёрын харьцаа зөв эхлэх эсэхийг ажиглаж байлаа. Өнөөдрийн энэ УИХ-ын байгаа байдалд би сэтгэл дундуур байна. УИХ-ын гишүүд нь хов, хор хоёрт хутгагдаад бие биеэ элдвээр хэлж байна.  Японы тагнуул гэдэг шиг 30 гэр бүл гэсэн нэршил гарч ирлээ. Үүнийг ярьж байгаа хүмүүс өөрсдөө 30 гэр бүлийнхээ нэрийг гаргаж өг. Одоо гэтэл биднийг хай гэж хэлж байх шиг байна. Одоо бид энэ 30 гэр бүлийн жагсаалтыг бид хаанаас хайх вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг нь гурван сая ард түмний эв нэгдлийн баталгаа байна гэж намаасаа татгалзсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь өмнөх парламентын үед гаргаж байсан ааш аягаа гаргаж эхэллээ. Энэ хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хий гэснийг хийх ёстой. Өнөөдөр Монгол Улс Х.Баттулга гэж Ерөнхийлөгчтэй. Түүнээс гадна З.Энхболд гэж бас нэг Ерөнхийлөгчтэй болсон мэт харагдаж байна. Яг энэ Ерөнхийлөгчийн хажууд байгаа хүмүүсийн ярьж байгааг харахад 2012-2016 оны АН-ын засаг барьж байсан үе шиг боллоо.  Энэ лицензийн талаар би нэг зүйл хэлмээр байна. Миний мэдэхийн 1994 оны Ашигт малтмалын хуулийн төгсгөлд 688 лиценз ард иргэдэд байсан. 1998 онд Ашигт малтмалын хуулийг дахин баталж, анхны өргөдлөө барьж ирэхэд нь лиценз олго гэсэн утгатай. Үүний нөлөөгөөр 6000 орчим лицензтэй болсон. Болохгүй бүтэхгүй байсан юм бол өнгөрсөн 12 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн, сайд байхдаа хийхгүй яасан юм бэ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

-Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоригийн гол агуулга нь байгалийн баялгийг нийт ард түмэнд тэгш хуваарилах системийг яаж бий болгох вэ агуулгатай. Харамсалтай нь, бид өнөөдөр агуулга бил хэлбэр ярьсаар дуусгаж байна. УИХ баян, ядуугийн ялгааг арилгахад, ажилгүйдэлтэй тэмцэхэд, ажлын байр нэмэгдүүлэхэд, байгалийн баялгийг нэмэгдүүлэхэд бэлэн үү гэдгийг өнөөдөр ард иргэд харж авсан байх. Уул уурхайн баялгийн менежментэд садаа болдоггүй захиргааны удирдлага бий болгох ёстой гэж бодож байна. Хоригийг агуулга талаас нь хүлээж авч, саналаа өгөхийг хүсч байна.

УИХ-ын гишүүд саналаа хэлсний дараа санал хураалт явуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон 84,8 хувь нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн УИХ-ын тогтоолын төслөөр санал хурааж, 84,8 хувийн саналаар батлагдлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж