Д.Хаянхярваа: 65 бүлгийнхэн юу хийснээ нэг бодоорой

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: 65 бүлгийнхэн юу хийснээ нэг бодоорой

Д.Хаянхярваа: 65 бүлгийнхэн юу хийснээ нэг бодоорой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд

-УИХ өнөөдөр Монгол төрийн түүхэнд маш чухал асуудал хэлэлцэж байна. Энэ хориг бол Үндсэн хуулийн гайхамшгийг харуулсан чухал үйл явдал болж байна. Юуны өмнө Үндсэн хуулийн гайхамшгийг тайлбарламаар байна. Үндсэн хууль руу УИХ болгон дайрдаг. Монголын хувьсгал нэг ч хүнийг алаагүй, нэг ч цонх хагалаагүй. Монголчууд эе эвийг хичээдэг учраас гол үндсийг нь, тогтолцоог нь өөрчилсөн. Үндсэн хууль ямар гайхамшигтай вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулсан. УИХ-ын чуулганы 65-ыг, аймаг, ИТХ-ын олонхыг МАН авсан. Сөрөг хүчний Ерөнхийлөгчийг сонгосон нь ард түмнийг төлөөлж, хориг тавьсан. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд та үг хэлж болно, алдаа гаргаж болно. Монгол Улсад гэмгүй хүн гэж байхгүй гэж ард түмнийг доромжилж болохгүй. Өнөөдөр бид Үндсэн хуулиараа хуучин байсан шиг хүн бүр гэмт хэрэгтэн, ганцхан хэрэгтнийг олох ёстой гэсэн тогтолцоог Үндсэн хуулиар өөрчилсөн шүү.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

-Хориг бол их харамсалтай зүйл болж байна. Манай 65-ын бүлэг дунд хэрүүлийн алим шидэж, дотор нь хагалан бутаргаж байна. Бид энэ хэрүүлийн алимд бүдрэхгүй, зөв ойлгож, намын эв нэгдлээ бодох зайлшгүй шаардлага байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг сонгуулийн үеэр гүтгэж байсан. Энэ бол манай өрсөлдөгч нарын сонгуулиар гаргадаг тактик. Гэтэл одоо энгийн үед ч энэ тактикаа хэрэглэдэг болж. Хүний шидсэн хортой алим хазчихаад бид эв түнжингүй байдал үүсгэж болохгүй. Лицензийг төр олгосон. Өөрсдөө ажиллаж байхдаа лицензийг цэгцлэхгүй яасан юм бэ. Зарим хүмүүс нь Тавантолгойн лицензээс хувь эзэмших санал тавихад нь зөвшөөрөөгүйгээс улсын ажлыг гацааж байна. Бид улс орны тогтвортой байдал, хөгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Тавантолгойн төслийг 65-ын бүлэг явуулах ёстой. Дахин хэлэхэд манай намын гишүүд гаднаас шидсэн чулуунд бүдрэхгүй байхыг хүсье.

УИХ-ын гишүүн Ч.Улаан

-Төсвийн байнгын хорооны хуралдаанд би тодорхой санал хэлж, санал хураалтад оролцоогүй. Манай Ерөнхий сайд батлагдаад, үйл ажиллагааны зарчмаа тодорхойлохдоо хууль дээдлэн сахиж, өндөр ёс суртахуунтай ажиллана гэж зарласан. Энэ байдал нь алдагдах вий гэж Төсвийн байнгын хорооны хуралдаанд би санал гаргасан. Энэ хуралдаанд Оюутолгой, Дубайн гэрээний талаар олон гишүүд ярьсан. Тэр үед Засгийн газарт ажиллаж байсан гурван сайд Оюутолгойн гэрээг хэрэгжих явцад Монгол Улсад ашиггүй байсныг нь илрүүлж байсан. Дубайн гэрээ ч мөн адил. Энэ түүхэнд үлдэж, дараагийн ухаалаг хөвгүүд Монголдоо ашигтай байлгах талаар хөөцөлдөх байх гэж бодож байна. Энэ бүхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг зөвтгөх ямар ч үндэслэл алга.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

-2016 оны сонгуулийн дүнгээр ард түмэн юуг хүсэмжилснээ тодорхой илэрхийлсэн. Энэ төр засаг мэргэжлийн чадвартай боловсон хүчнийг урагшлуулах санал өгсөн. Эдийн засаг ийм хүндрэлтэй байгаа ийм цаг үед мэргэжлийн хүн нь байр байрандаа байж, ажлаа хийх ёстой. Тиймээс Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Баттөмөр

-Монгол Улсын 2018 оны төсөв хэлэлцэх чухал асуудал хэлэлцэх ёстой. Гэтэл бид өнгөрсөн 14 хоногийн дотор бие биетэйгээ л ноцолдлоо. Энэ Засгийн газарт орж, Монгол төрийн төвхнүүлэх хүний нэг нь Ч.Хүрэлбаатар. Монгол хөгжихгүй байх нь бүх монголчуудад ашиггүй. Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцоо хийх ёстой. Гэв гэнэт сэрсэн юм шиг өнөөдөр л лиценз яриад байх юм. Төр олгож, төрийн хяналтад байдаг зүйл бол лиценз. Оффшорт мөнгө байвал лиценз зарсан л мөнгө байгаа. Баялгийн менежмент Монголд байхгүй. Энэ лицензийн асуудлыг  яаралтай шийдэх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

-Өнөөдөр ард түмнээсээ ичмээр сэтгэл зовнисон өдөр байна. Бид өнөөдөр Монголын ард түмний амьдралыг дээшлүүлэх хууль сахиулахаар сонгогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль, хяналтын байгууллагын хүмүүст хяналт тавиад явах боломж байхад энэ олон арван жилээр яригдаж байгаа хий хоосон, үнэн худал нь мэдэгдэхгүй асуудлыг тодорхой болгох эрх нь танд нээлттэй бий шүү дээ, Ерөнхийлөгчөө. Нам хагарна, компани, найз нөхөд бүгд л болох бүтэхгүй хагарал бий болоод байна. Төрийн албанд жинхэнэ утгаараа ажлаа хийгээд явах нэгэндээ үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр гүтгэвэл төрийн албанд ажиллах хүн олдохгүй шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөө та энэ Тамгын газрын даргадаа нэг анхаарал тавиач. Эцэст нь хэлэхэд, Манай намын 65-нд гишүүн би, бид юу хийчих вэ гэж манай намын гишүүд дор бүрнээ бодоорой.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

-Монгол Улсын үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна. Бид хоёр Ерөнхий сайдтай. Бид ард түмнээсээ Ерөнхийлөгчөө сонгох уу, парламентаасаа сонгох уу гэдгээ тодорхой болгох цаг нь болсон.  УИХ-ын чуулган дунджаар 60 хүний ирцтэйгээр хуралдаж, аливаа шийдвэрийг гаргах юм билээ. Олонхоороо шийдвэр гаргадаг ёс Ерөнхийлөгчтэй нийлж, цөөнхийн дарангуйлалд орох нь. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч нь цөөнхийн бүлэгтэй нийлж байгаад аливаа асуудлыг шийддэг болох нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж