Увсчууд Засаг дарга Д.Батсайханаа эсэргүүцэж жагсана

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Увсчууд Засаг дарга Д.Батсайханаа эсэргүүцэж жагсана

Увсчууд Засаг дарга Д.Батсайханаа эсэргүүцэж жагсана

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж, Увс аймгийн иргэд энэ сарын 7-нд тайван жагсаал хийхээр болжээ. Увс аймгийн Улаангом хотын Ю.Цэдэнбалын талбайд тус жагсаал болох бөгөөд 16 сум, 150 багийг төлөөлсөн төлөөлөл оролцохоор болсон аж. Энэ талаар өнөөдөр /2017.11.02/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Батболд “Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ах дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдээ ажилд томилж, эгэл жирийн төрийн албан хаагчдыг дарамтлах, шахалт үзүүлэх байдал хэрээс хэтэрсэн. Өмнө нь энэ хүн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцнаас 120 гаруй сая төгрөг завшсан байдаг. Энэ нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасаж, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан. Гэтэл Өршөөлийн хуульд хамрагдахгүй зүйл ангиар өршөөгдөж, түүгээр зогсохгүй ялтай хугацаа нь дуусаагүй байхад төрийн албанд томилсон. Нэг ёсны хуулийг гууль болгож, Засаг дарга болсон хүн. Иймээс иргэд Д.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэхээр ард иргэдийн саналыг сонсож, гарын үсэг цуглуулсан. Одоо энэ асуудлыг Ерөнхий сайдад болон Увс аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд хүргүүлнэ” гэв.  Увс аймгийн гуравдугаар багийн иргэн О.Булган “Увс аймагт хэдэн дарга нарын бүлэглэл бий болсон. Ажлын байранд хамаатан садан, найз нөхдөө л авдаг. Залуу боловсон хүчнийг ажилд авдаггүй. Хэчнээн боловсролтой, чадалтай байх хамаагүй болсон” гэлээ. Мөн тэдний хэлж буйгаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан төрийн мэргэшсэн 55 албан хаагчийг ажлаас нь халж, оронд нь төрд ажиллаж байгаагүй, туршлагагүй хүмүүсийг авсан байна.  Өнөөдөр аймгийн хэмжээнд ажилгүйдэл, ядуурал ихэссэн нь чадамжгүй хүмүүс аймгийг удирдаж байгаатай холбоотой гэж тэд хэллээ.

Мөн шилэн дансыг хөтөлдөггүй, энэ нь хууль бус үйлдлээ хаацайлах арга нь байж магадгүй гэнэ. Иймээс Увс аймгийн иргэд Засаг даргынхаа хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж