УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар маргалдав. Ингээд энэхүү маргаан юунаас болсон талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодрууллаа.
– Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хоёрын маргааныг харахад Ардын намд бүр ан цав үүссэн мэт харагдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Үл ойлголцол байгаа нь үнэн. Ерөнхий сайд өөрөө анх кабинет бүрдүүлэхдээ уул уурхайн лицензтэй хүмүүсийг сайд болгохгүй гэж амалсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүний төрсөн хоёр ах, зөвлөх Дэмбэрэл гэх гурван хүний нэр дээр Хотгор шанагын уурхай байж байгаад 51 хувийг нь зарсан. Ингээд гурван сая ам.доллар нь тэр гурван хүний данс руу орсон нь үнэн. Итгэмжлэл хийсэн нотариатын гэрээ хуулбартайгаа байна. Үүнийг нь би өнөөдөр хэлсэн юм. Хоёрдугаарт, энэ хүн МАН-ыг өнгөрсөн дөрвөн жил цөөнх байхад “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсгийн ахлагч болсон юм. “Дубайн гэрээ”-г муу байна гэсэн дүгнэлт гараад, ажлын хэсгийн ахлагчаар гарын үсэг зуруулах гэсэн боловч Ч.Хүрэлбаатар зугтаад байсан. Ингээд бид аргаа бараад ажлын хэсгийн гишүүдээр зуруулсан. Гуравдугаарт, энэ парламент “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргахад Ч.Хүрэлбаатар эсрэг кноп дарсан. Энэ гурван баримт бол гурвуулаа стратегийн том ордтой холбоотой асуудал. Гэтэл Ерөнхий сайд ямар зарчим барьж заримыг нь буцаадаг юм бэ. Ч.Хүрэлбаатар ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хоёр, гурван баримт байсаар байтал энэ хүнийг яагаад улайран зүтгүүлээд байгаа юм бэ гэсний төлөө л Ерөнхий сайд над руу дайрч, давшиллаа.
-Ерөнхий сайд та хоёр хуралдаан дээр маргалдаж байхдаа бие биенээ казиночин гэж хашгирч байсан ?
-2007-2008 онд би АНУ-д оюутан байсан. Ирээд хэсэг хугацаанд нам, төрийн ажил хийгээгүй. Энэ хугацаанд казино гэдэг юмаар орж гарч байсан нь үнэн. Гэхдээ би хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй. Нийтлэг жирийн иргэд яаж явдаг тэр жишгээр орж гарсан нь үнэн.