Монголын говиос дахин эрт галавын үеийн үлэг гүрвэлийн олдвор олджээ. Судлаачид энэ удаа 10 гаруй метрийн урт далавчтай, нисэх онгоцны дайны хэмжээтэй птерозавр хэмээх аварга амьтны араг ясны үлдэгдэл олсон байна. Птерозавр нь Европ, хойд Америкаас олдсон далавчтай махчин үлэг гүрвэлүүдээс одоогоор хамгийн том нь ажээ. Энэ аварга үлэг гүрвэл 70 сая жилийн тэртээ дэлхийн уур амьсгал зөөлөн дулаан, гэхдээ одоогийнх нь шиг хуурай болоогүй байхад амьдарч байжээ.
Цэрдийн галаваас үлдсэн энэхүү үлэг гүрвэлийн олдворыг шинжилсэн судлаачид тэднийг махчин идэштнүүд байсан гэж таамаглаж байгаа юм. Судлаачид Монголын говиос олдсон энэхүү аварга үлэг гүрвэлийн олдворыг 1970 онд АНУ-ын Техасаас олдсон Кетцалькоатль (Quetzalcoatlus), 1990 онд Румынаас олдсон Хацегоптерикс (Hatzegopteryx)-тэй харьцуулан судалж байна. Тэдгээр үлэг гүрвэлүүд 9-10 метр урт далавчтай, таван метр өндөр, ойролцоогоор нас бие гүйцсэн бүдүүн анаашны хэрийн хэмжээтэй байсан гэж судлаачид таамаг дэвшүүлсэн юм. Харин Монголын говиос олдсон аварга үлэг гүрвэл хэмжээгээр тэднээс ч том боловч бүтэн олдвор биш учраас шинэ төрөл зүйл эсэхийг нь одоогоор тогтоож чадаагүй ажээ. Гэхдээ цэрдийн үеийн птерозаврын олдворуудаас хамгийн том нь юм.
Палентеологичид энэхүү олдворыг 2006 онд Өмнөговь аймгийн Гурилын цав хэмээх газраас олсон юм байна. Птерозаврын эхний олдворыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн палентеологийн хүрээлэнгийн ажилтан М.Бүүвэй анх олж, Токиогийн их сургуулийн эрдэмтэн Таканобу Цуйхижид танилцуулсан ажээ. Япон эрдэмтэн олдворын хэмжээгээр нь птерозавр гэж шууд таамагласан бөгөөд тэр даруй Монголд ирж, малтлага явуулснаар үлэг гүрвэлийн араг ясны бусад хэсгийг нь олжээ. Үлэг гүрвэлийн олдворыг цуглуулж, араг ясыг босгоход эрдэмтэд хэдэн жилийг зарцуулсан байна. Птерозаврыг харьцуулах ганц олдвор нь Румынаас олдсон Хацегоптерикс л байжээ. Гэвч Птерозаврыг Ази тивд амьдарч байсан хамгийн том үлэг гүрвэл гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна.