Ш.Раднаасэд: Ерөнхийлөгчийн хориг үзэмж боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Ш.Раднаасэд: Ерөнхийлөгчийн хориг үзэмж боллоо

Ш.Раднаасэд: Ерөнхийлөгчийн хориг үзэмж боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор гишүүд асуулт тавьж, Байнгын хорооны даргаас хариулт авав. 

Г.Занданшатар

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд халдаж, Монгол төрийн дархлааг сулруулж байна. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор ярьсан уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд

-Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг томилох томилгоонд зөвшилцөж оролцдог. Томилогдсоноос хойш хориг тавьсан нь анхны тохиолдол. Цаашдаа энэ байдлыг өөрчлөхгүй бол хүн дээр хориг тавьдаг байдал арилахгүй, УИХ ажиллах боломжгүй болно. Цаашдаа Ерөнхийлөгч УИХ-аас томилдог Монголбанкны ерөнхийлөгч зэрэг томилгоон дээр хориг тавиад байх юм уу. Энэ бол улсаа хорлож байгаа. Одоо хориг тавьсан тогтоол дээрээ хориг тавих байх. Хоригтой холбоотой асуудлыг нарийвчлахгүй бол Сангийн сайдгүй болчихлоо. Цаашдаа холбогдох хуулиудад өөрчлөлт хийхээс аргагүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд

-Ш.Раднаасэд буруу яриад байна. Ерөнхийлөгч бодлогоор хориг тавина. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өршөөлийн хуульд авлигын хэргийг хамруулсан байна, би санал нийлэхгүй байна” гээд хориг тавьж байсан. Буруу мэдээллээр УИХ-ын гишүүдийг будилуулахаа зогсоо. Зөвхөн хууль зөрчсөн гэдэг явцууруулсан хориг биш. Томилогдсон бүх хүн дээр хориг ирэхгүй. Ч.Хүрэлбаатар лицензтэй холбогдсон учраас битгий ажиллуулаач ээ л гэж байгаа. Үндсэн хуулиа унш. Асуудлыг мушгидгаа боль.

Сайд Г.Занданшатар

-Агуулга нь Үндсэн хууль зөрчөөд байгаа юм биш үү. Өмнө нь Засгийн газрын гишүүн дээр хориг тавьж байсан тохиолдол 26 жилийн түүхэнд байхгүй.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд

-Ерөнхийлөгчийн хориг гэдэг үзэмж боллоо. Тодорхой үндэслэлтэй байж, хориг болдог. Өршөөлийн хууль дээр Ерөнхийлөгч хориг тавьсан нь өмнө УИХ-аар баталж байсан дөрвөн удаагийн хуулиар хэзээ ч авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүнийг өршөөлд хамруулдаггүй байсан. Тийм байхад ийм хүмүүсийг өршөөсөн учраас ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгч Монголын эв нэгдлийг илэрхийлж, орой дээр нь сууж байх ёстой байтал нэг хүний араас хөөцөлддөг болчихоод байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

-Энэ хүн Сангийн сайдаар томилогдвол агаарын бохирдлыг бууруулахгүй байна гэдэг ямар учиртай юм. Нүүрсний уурхайтай, нүүрс оруулж ирж зараад байдаг юм уу. Станцын хувьцаа эзэмшдэг юм уу. Ах дүүгээ хөдөөнөөс оруулж ирээд нийслэлийг тэлээд байгаа юм уу.  30 гэр бүл гэж яриад байх юм. Энэ хүн хэдэд нь байдаг юм. Шүүхээс ашигт малтмалын лицензтэй юм байна гэдэг бичиг ирсэн юм уу. Нотлогдоогүй батлагдаагүй мэдээллээр хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаж болох уу?

Ш.Раднаасэд

рөнхийлөгчийн Тамгын газрын дарга 30 гэр бүл 300 боллоо, 3000 ч байж магадгүй гэсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Засгийн газрын гишүүдээс зарим нь Ч.Хүрэлбаатарын эсрэг үг хэлээд хэрэггүй гэсэн. Би өөрийнхөө үзэл бодлоос зөрж чадахгүй нь. Байгалийн баялгаа харилцан ашигтай байлгахын тулд УИХ-д орж ирсэн. Ч.Хүрэлбаатар том, том ордуудтай маш их холбоотой. Үгээр нь байтугай үйлдлээр нь илэрдэг. Оюутолгой Эрдэнэтээс 4-5 дахин том орд. 2009 оны аравдугаар сард гэрээ нь хийгдсэн. Гэтэл 34 хувийг төлөхөөр болсон. Энийгээ одоо төлж чадахгүй өрөнд ороод явж байгаа. Ийм байхад хямралтай нүүр тулахаас яах юм.

Оюутолгойн муу гэрээг Дубайн гэрээгээр улам муутгасан. Тэгэхэд Ч.Сайханбилэгийг хамгаалж байсан хүн нь Ч.Хүрэлбаатар. Ийм л эдийн засагч.

МАН УИХ-д 26 гишүүнтэй байхад ажлын хэсэг гаргаад Ч.Хүрэлбаатар “би орно” гээд ажлын хэсгийн ахлагч болоод орсон атлаа гарын үсэг зураагүй. Оюутолгойн гал хамгаалагч гэж харагдаж байгаа.

Оюутолгойн валютыг Монголоор дамжуулах тогтоолыг УИХ-аар баталхад цуцлуулах ажлыг Ч.Хүрэлбаатар хийж байсан. Хоёр гурван хүний кнопыг дарж байсан шүү.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

-Сайдыг нь ярьж байхад Ерөнхий сайд хүндэтгээд чуулганд сууж болохгүй юу. З.Энхболд дарга худлаа ярьдаг хүн л дээ. Намайг нүүрсийг ингэж зарсан гэж гүтгэсэн. Би энэ асуудлыг нь цагдаад өгсөн. Та очиж мэдүүлэг өгөхгүй байгаа юм билээ. Очиж мэдүүлгээ өгөөрэй.  Харин Ч.Гансүх, Ч.Ганболд гээд яриад байна.  Энэ үнэн.  Солонгосын компанид лицензийг нь зарсан баримт байна.  Тус, тусынх нь данс руу 607 мянган ам.доллар орсон баримт байна.

Ерөнхий сайд өөрөө уул уурхай, лицензтэй холбоотой хүмүүсийг танхимдаа оруулахгүй гэж гүтгэж байгаад танхимдаа оруулаагүй.  Манай Ц.Нямдорж сайд шударга сайд. Яагаад дуугарахгүй байна вэ.

Ч.Хүрэлбаатар сайд аа. Та яагаад ажлын хэсгийн гишүүд ээ “Дубайн гэрээг маш муу” гэхэд зугтаагаад гарын үсэг зураагүй юм бэ.  Бид нэг том асуудал шийдсэн. Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авна гэсэн.  Удирдах зөвлөл, УИХ-аар дэмжсэн асуудал. Гэтэл та Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцээд Эрдэнэтийг 100 хувь ард түмний мэдэлд авахын эсрэг зогссон. Одоо энэ асуултад хариулт өг.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Дэгээрээ асуултад Байнгын хорооны дарга хариулт өгнө. Сайд нар хариулт өгөхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

-Намын даргаасаа  асууя. Намынхаа нэрийг гаргаад баалуулаад яваад байх нь зөв юм уу. Яагаад энэ хүнийг сайдаар томилох гээд байгаа юм?

УИХ-ын дарга М.Энхболд

-Би хариулбал дэг зөрчих гээд байна.

Төсвийн байнгын хорооны хуралдааныг удирдсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

-Ж.Мөнхбат гишүүн саяны асуудлыг байнгын хорооны хуралдааны үеэр ярьсан. Үүнд Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгсөн. Миний бие холбоо байхгүй. Би худалдах юманд оролцоогүй гэсэн. Энэнээс цааш хариулт өгөх боломжгүй.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж