Монгол нэг сая иргэнээ үр хөндөлтөөр алджээ

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Монгол нэг сая иргэнээ үр хөндөлтөөр алджээ

Монгол нэг сая иргэнээ үр хөндөлтөөр алджээ

НҮБ-ын Хүн амын сангаас Дэлхийн хүн амын байдал 2017 судалгааг өнөөдөр /2017.11.02/ танилцууллаа. Баян, ядуугийн ялгааг  тэнцвэржүүлж, ядуу орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахгүй бол дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүйд хүрснийг НҮБ-ын Хүн амын сангийн тайланд дурджээ.


Монгол Улс ч ялгаагүй амьжиргааны тэгш бус байдлаа ойрын хугацаанд арилгаж, ядуу өрхийн эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулахгүй бол нийгмийн задралд орох эрсдэлтэйг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахари мэдэгдлээ. Учир нь,  амьдралын боломжгүй, боловсролгүй эмэгтэйчүүд хүсээгүй жирэмсэлж, үр хөндөлтийг сонгосоор байгааг онцолсон юм. Тэд мөнгөгүйдээ эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй, төлөвлөөгүй гэр бүл зохиох болжээ. Төлөвлөөгүй гэр бүлүүд удалгүй салж, эцэст нь хүүхдүүд өнчирч хоцрон, өрх толгойлж үлдэх эмэгтэйчүүд олшрох болсон байна.  Монголд сүүлийн нэг жилд 18 мянга эмэгтэй үр хөндүүлжээ. Гэхдээ энэ нь зөвхөн улсын эмнэлэгт хандсан эмэгтэйчүүдийн тоо. Хувийн эмнэлгээр ил, далдаар хэчнээн эмэгтэй үр хөндүүлдэг нь тодорхойгүй байгаа юм. Салбарын яам нь одоог хүртэл хувийн эмнэлгүүдээсээ үр хөндөлтийн нэгдсэн тоон мэдээллийг цуглуулж чадаагүй гэв. Мөн үр зулбуулдаг хятад эмийг хянаж чадахгүй байгаагаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярив. Түүний хэлснээр, Монгол Улс 1987 оноос хойш нэг сая гаруй иргэнээ үр хөндөлтөөр алджээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Ядуу амьдралтай эмэгтэйчүүддээ нөхөн үржихүйн эрүүл мэнд болоод гэр бүл төлөвлөлтийн талаарх ойлголт мэдээлэлтэй болгохгүй бол Монгол Улс ядуурлаа багасгах боломжгүй. Мөн сульдсан улсын эдийн засаг ч өсөхгүй, ганхах эрсдэлтэйг НҮБ-ын Хүн амын сангаас онцлов. Монгол гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн судалгааг Үндэсний статистикийн газраас гаргасан. Тэгвэл ядуу, боловсролгүй эмэгтэй бүр мөнгөгүйгээсээ болж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, үр хөндөлтөд орох эрсдэлтэй болжээ. Энэ чигээрээ явбал, давуу эрхтэй цөөн хэдэн хүн нөхөн үржихүйн асуудлаа хянадаг болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахари тодотгов. Тэрбээр, эмэгтэйчүүд нөхөн үржихүйн асуудлаа хянадаг болбол боловсролдоо илүү ихээр анхаарч, тогтвортой ажиллан хэн нэгний мөнгөний хараат болохгүй гэлээ.

Хөгжиж буй орнуудад жил бүр 89 сая хүсээгүй жирэмслэлт, 48 сая үр хөндөлт бүртгэгдэж байна гэв.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахари

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж