УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ
Хууль зүйн байнгын хороо хууль зөрчдөг хүнийг сайдаар томилох нь зөв үү. Худлаа хэлж байгаа хүн хууль зөрчиж байна гэсэн үг. Энэ асуудлыг цаашид Үндсэн хуулийн цэцээр ч явж болно. Та нар намынхаа эрх ашгийн төлөө энэ хүнийг дэмжиж болохгүй шүү. Ч.Хүрэлбаатарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд гэмт буруутай гэдгийг нь илтгэж байгаа бус уу.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД
Ч.Хүрэлбаатарыг Хууль зүйн байнгын хороо томилоогүй. УИХ томилсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан баримтаар гэм буруутайг нь бус Монгол Улсын иргэнийг шүүхээр гэм буруутай гэдгийг нь тогтоодог. Байнгын хороо тогтоодоггүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ
Хоригийн асуудлаар АН өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Ингэж илэрхийлсэн нэг шалтгаан нь Монголын өнөөгийн нийгэмд бий болсон ядуурал нь байгалийн баялгийг гадаадад экспортолж эхэлсэн цаг буюу 2010, 2011 оноос эхлэлтэй. Ерөнхийлөгчийн хоригийн санаа нь уул уурхайн баялгийг хуваарилахад оролцсон хүмүүсийг Монголын төрөөс холдуулах гэсэн том санаа гэж би бодож байна. Сүүлийн бүтэн сар Монголын төр ажил хийсэнгүй. Энэ нь олонхын бүлгийн дотоод асуудлаас болж. Дахиад ийм эвгүй зүйл гарвал энэ УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна, би. Хууль зүйн байнгын хороон дутуу дулимаг дүгнэлт гаргасан байна. Энэ бол Ч.Хүрэлбаатарын, Ерөнхийлөгчийн асуудал биш. Хоёр байнгын хорооны дарга ямар үндэслэл шалтгаанаар байнгын хорооны дүгнэлтэд гишүүдийн байр суурийг оруулсангүй вэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД
Байнгын хорооны хурал дээр гишүүд санал хэлээгүй, ганцхан гишүүн асуулт асуусан. Тиймээс оруулах үг байгаагүй
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ТОГТОХСҮРЭН
Төсвийн байнгын хорооны хуралдаанд нэг гишүүн асуулт асууж, гурван гишүүн санал хэлсэн. Байнгын хороо таван минутын өмнө хуралдсан учраас ажлын алба энэ асуудлыг бичээгүй байх шиг байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдохоос эхлээд би хувийн гэхээс илүү олон түмний саналыг тусгасан байр суурь илэрхийлж байгаа. Шинэ томилогдсон Ерөнхий сайд уул уурхайн шударга бус хуваарилалтыг тэгш болгож, ард түмэнд хүртээлтэй болгож, улс орны төлөө зориулна гэсэн сайхан амлалт өгсөн. Харамсалтай нь, Засгийн газрын бүтэц томилохоос эхлээд мордохын хазгай болсон. Үнэхээр Монголын төрд бий болсон, урагшаа явахгүй байгаа нэг том зүйл бол уул уурхайтай холбоотой. Тэр 3000 орчим лицензийг цэгцлэх ёстой гэж бүгд ярьдаг ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж бодож байгаа. Яагаад гэвэл Ч.Хүрэлбаатар “Би Оюутолгойн гэрээг хамгийн сайн хийсэн” гэж ярьдаг. Гэхдээ үг, үйлдэл хоёр нь зөрдөг. Өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан Дубайн гэрээг хийхэд МАН-ын бүлгийн ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалсан. Энэ гэрээг муу болгоход ихээхэн нөлөө үзүүлсэн хүн бол Ч.Хүрэлбаатар. Би Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй. 65-ын бүлэг тус тусдаа хуралдаж, эцсийн шийдвэр нь нам дамнасан бүлэглэл нам доторх хэдхэн хүн тохиролцож шийдвэр гаргаж байна. Цаашид ийм байдлаар явбал хол явахгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга та Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн эсэхээ тайлбарлана уу.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Ерөнхийлөгч бол бодлогын асуудал ярьж байгаа. Үндсэн хуулийн 6.1 дэх заалт цаасан дээр үлдэх юм уу. Монголын ард түмэн 20 жил байгалийн баялгаас ажилтай, орлоготой, дэд бүтэцтэй болох байх гэж хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл үр дүнгүй байна. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээсээ татгалзаач гэсэн хүсэлт УИХ-д илгээсэн. Хэвлэл мэдээллээр гарсан энэ таван лицензтэй холбоотой “Хотгор шанага” гэх компанийн эзэмшиж байсан баримт нь энд байна. Хүсвэл та бүхэн авч болно. Баримт нотолгоо нь ил байхад гүтгэсэн, гүтгээгүй гэж ярих нь одоо утгагүй. Бид түүхий нүүрс худалдаалж, Монголдоо юм үлдээхгүй, ажлын байр нэмэгдүүлэхгүй, томоохон үйлдвэргүй байсаар ирсэн. Байгалийн баялаг ард түмний мэдэлд гэх заалтыг УИХ өөрчлөх цаг болсон. Ард түмэн Х.Баттулга гэдэг хүнийг сонгохдоо байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэсэн заалтыг хэрэгжүүлж өгөхийг хүсч, сонголтоо хийсэн. Тиймээс Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн гуравны хоёрыг дэмжиж өгөөч гэж байгаа юм.