УИХ дахь Төсвийн байнгын хороогоор Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэв. Байнгын хорооны 91,2 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд
-Яагаад 30 гэр бүл гэж хориг дээр бичсэн бэ гэхээр 3000 гаруй лиценз олгосон. Хотгор шанагын орд нь гурван хайгуул, хоёр ашиглалтын таван лицензтэй. Энэ ордыг Өмнөд Солонгосын компанид гурван сая ам.доллараар биш 10 сая ам.доллараар зарсан байдаг. Энэ 10 сая ам.долларыг хүртсэн хүмүүс нь УИХ-ын зарим гишүүд, түүний гэр бүл юм. Тиймээс энэ асуудлыг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Иймд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг битгий томил гэж байгаа юм. 2007 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн лицензыг А4 цаасан дээр буулгаад зараад байх юм. Стратегийн ордыг хувьдаа аваад, зараад байх юм. Байгалийн баялгаар наймаа хийдэг хүмүүсийг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй. Арваннэгдүгээр сарын 15-нд төсвөө батлах ёстой. Үүнээс өмнө Сангийн сайдтай болоод төсвөө баталмаар байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
-З.Энхболд гүтгэлгийн чанартай мэдээлэл хийж байна. Лиценз зарна гэдэг ойлголт миний толгойд, манай гэр бүлийн толгойд байхгүй. Нягталж, шалгаж байж мэдээлэл хүргээрэй. Ингэж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
-Таныг Сангийн сайдаар тавьж байгаа энэ үед зөвхөн таньд биш, МАН-д халгаатай болж байна. Тиймээс та нэрээ татаад, шалгуулсны дараа сайдын ажлаа хийж болдоггүй юм уу. Хар дээр цагаанаар бичсэн тамгатай бэлэн баримт надад байна. Үүнийг битгий үгүйсгэ. Би Ц.Даваасүрэн сайдтай уулзчихаад буцаад ороод ирэхэд баримт алга болчихсон. Таны наад асуудал бол МАН-ын нэр хүндтэй холбогдоно. Тиймээс би энэ үгийг хэлж байна. З.Энхболд даргын хувьд бол хуурамч бичиг баримт гаргаж ирээд ярьчихдаг хүн шүү дээ. Цаг авсан л гэнэ, нүүрс зарсан л гэнэ. Гэхдээ өнөөдөр хар дээр цагаанаар бичсэн баримт нь тамга тэмдэгтэй байна. Иймд би итгэж байна. Тэрнээс З.Энхболд дарга худлаа ярьдаг хүн нь гэвэл үнэ. Ч.Хүрэлбаатар сайд та нэрээ татчихаач дээ. Та бол олон удаа дарга хийж байсан. Шалгуулаад, нэрээ цэвэрлээд эргээд ороод ирж болдоггүй юм уу.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
-Ерөнхийлөгч хуулийн дагуу, үндэслэлтэй хориг тавих ёстой. Бид дотроо улстөржиж, талцаж болно. Үүнийг чинь дэлхий харж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч нь УИХ-тайгаа ойлголцохгүй байгаа юм байна гэж гадаад зах зээл дүгнэнэ. Ерөнхийлөгч бол том хүн. Бодлого ярих ёстой. Болсон болоогүй юм ярьж хориг тавихаа болих хэрэгтэй. Цаашид хориг тавих асуудлыг хуульчлах хэрэгтэй юм байна. Одоо энэ байдлаа болихгүй бол болохгүй нь. Ингэж удаан явбал энэ улс чинь дампуурна шүү.
УИХ-ын гишүүн Ч.Улаан
-УИХ хуулиа ягштал мөрдөх ёстой. Харамсалтай нь, УИХ хууль зөрчиж төсөвт тодотгол хийсэн. Үүнийг засах боломж Сангийн сайдад байсан, засаагүй нь буруу гэж би дүгнэж байна. 55 тэрбумыг тараах асуудал асар их шүүмжлэл дагуулж байна. Тооцоо судалгаагүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй зүйл болчих вуу даа. Эргээд хүртэх үр шимгүй, улсын төсөвт асар том ачаа боллоо. Би санал хураалтад оролцохгүй.