АНУ-ын тагнуулын төв агентлаг зартай алан хядагч Осама бин Ладентай холбоотой олон хуудас материалыг олон нийтэд дэлгэжээ.
Тус агентлагийн дарга Майк Помпео хэлэхдээ “Тэдгээр баримт, материалууд нь түүнийг олж устах, Аль-Каида байгууллагатай тэмцэхэд ямар арга хэмжээ авч байсан тухай америкчууд илүү ихийг олж мэдэх боломж олгох юм” гэжээ. 2014 онд баталсан Осама бин Ладеныг устгах нууц ажиллагаатай холбоотой тагнуулын баримт материалыг нууцын зэрэглэлээс гаргах хуулийн дагуу дээрх материалуудыг олон нийтэд ил болгож байгаа юм байна.
“Бин Ладены номын сан” хэмээн нэрлэж буй эдгээр материалууд нь 2015 оны тавдугаар сараас хойш зартай алан хядагчтай холбоотой тусгай ажиллагааны баримт материалыг олон нийтэд дэлгэж буй гурав дахь тохиолдол юм.
Олон нийтэд ил болж буй олон мянган хуудас материал дунд зартай алан хядагчийн хувийн тэмдэглэл, хүүгийнх нь тухай мэдээллээс авахуулаад Аль-Каида байгууллагын нууц төлөвлөгөө, томилгоо, Аль-Каида Ираны харилцаа, Ирак дахь халдлагын тухай баримтууд байгаа ажээ. 1992 онд баталсан хуулийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп саяхан Жон Кеннедийн аллагатай холбоотой материалуудыг олон нийтэд ил болгосон юм.