Халдлагын сэжигтэн Хеллоуины баярыг зориуд сонгожээ

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Халдлагын сэжигтэн Хеллоуины баярыг зориуд сонгожээ

Халдлагын сэжигтэн Хеллоуины баярыг зориуд сонгожээ

 Нью-Йорк хотод гарсан  Лхагва гаригийн халдлагын сэжигтэн Узбек гаралтай 29 настай  Саифулло Хабибуллаевич Сайповыг  ИУ бүлэглэлд материал техник нийлүүлсэн, алан хядлага үйлдсэн гэмт хэрэгт  ял төлөвлөж байгаа талаар прокуророос мэдээлжээ. Түрээсийн машинаар найман хүнийг дайрч, арав гаруй хүнийг гэмтээсэн сэжигтэн этгээдийг шүүх хуралд тэргэнцэрт суулган авчирсан байна. Халдлагын үеэр цагдаад буудуулсан Сайповын амь насыг мэс заслын эмч нар аварчээ.  Сайпов ИУ бүлэглэлийн үйлдсэн алан хядах халдлагуудын бичлэгийг үзэж, халдлага үйлдэх сэдэл олж авсан гэж мэдүүлсэн бөгөөд ялангуяа ИУ бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг шүтэн биширдэг гэжээ.

Сэжигтэн этгээд аль болох олон хүн хөнөөхийн тулд зориуд Хеллоуины баярын өдрийг сонгосон гэж мэдүүлэгтээ өчжээ.  Тэрбээр “Баярын өдөр гудамжинд хүний хөл хөдөлгөөн ихтэй байдаг болохоор энэ Хеллоуины өдөр халдлага үйлдэхээр төлөвлөсөн” гэжээ. Сайповд халдлага үйлдэх санаа бүр жилийн өмнө төрж, түүнээс хойш төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд хоёр сарын өмнө ачааны машин ашиглах санааг бодож олсон байна. Цагдаа нар Сайповын гар утаснаас 90 гаруй видео бичлэг, 4000 гаруй зураг олсны дийлэнх нь ИУ бүлэглэлийн суртал ухуулгын бичлэгүүд байсан гэнэ.

Саифулло Хабибуллаевич Сайпов Нью Йорк хотын Манхэттен дүүрэгт түрээсийн ачааны машин хөлөглөн хөл хөдөлгөөн ихтэй дугуйн зам руу дайран орж,найман хүнийг хөнөөж, арав гаруй хүнийг гэмтээх үед цагдаагийн офицер түүнийг буудаж шархдуулсан билээ. Амиа алдсан найман хүний тав нь аргентин гаралтай таван найз, хоёр америк эр, мөн нэг бельги эмэгтэй байсан гэнэ.

Сэжигтэн Саифулло Хабибуллаевич Сайпов 2010 онд АНУ-д цагаачлалын визээр очсон ажээ.  Энэ халдлагад Узбек гаралтай Мухаммадзур Кадиров гэгчийг сэжигтэн Сайповт мэдээлэл дамжуулсан хэмээн сэжиглэн байцааж байгаа юм байна.

Сайпов зургаан сарын өмнө Нью Жерси дэх “Uber” нэртэй компанид ачааны машины жолоочоор ажилд оржээ. Тэрбээр халдлага үйлдэхээс өмнө Нью Жерсигийн Патерсон хотод эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг жирийн иргэн байсан гэнэ. Сайповын нэр АНУ-ын хууль сахиулах байгууллагуудын гаргасан алан хядагчдын жагсаалтад ороогүй ч тэрбээр Мэрилэнд, Миссури, Пенсильвани зэрэг хэд хэдэн мужид замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас цагдаад торгуулж, 2016 онд шүүх зарлан дуудахад очоогүйн улмаас баривчлагдаж байжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж