Монголын рок, поп урлагийн сор болсон уран бүтээлчдийн нэг, гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар” дуу 21 жилийн дараа дахин цацагдлаа.
Тэрбээр “Cosmic Ariunaa” шинэ цомгийнхоо төслийг эхлүүлээд байгаа бөгөөд шинэхэн цомогтоо 2181 оныг уран зөгнөсөн “Утасны чинь дугаар 3.0” дуугаараа фенүүдийнхээ сонорыг мялааж байна.
“Утасны чинь дугаар
Урууланд минь байдаг
Янаг уруулын чинь бал бурам
Мансууруулах бодистой байдаг” хэмээх энэ дууны шүлгийг одоогоос 21 жилийн өмнө модернист яруу найрагч Б.Галсансүх бичиж, ‘Нисванис’ хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан аяыг нь зохиосон.
Энэ удаа “Утасны чинь дугаар” шинэчилсэн найруулгад дуучин Т.Ариунаа “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай хамтран дуулжээ. Мөн түүний шинэхэн дууны клипийг “Хаган фильм” студийн хамт олон бүтээсэн байна. Харин хөгжмийн найруулгыг “Ocean Grey” студийн уран бүтээлчид хийжээ.
Сонирхуулахад 1996 онд анхны ‘Эрос № 1’ хэмээх цомгоо гаргаж, тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байдаг. Уг цомогт багтсан ‘Мартахгүй’, ‘Баяртай гэж хэлж чадахгvй’, ‘Анхны хайр’ зэрэг дуунууд нь амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан гэдэг. Түүний анхны цомогт багтсан ‘Утасны чинь дугаар’ дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон хэмээн тухайн үедээ шуугиан тарьж байжээ.
А.Сүрэн