“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Эрхэм зочдоосоо 2018 оны улсын төсвийн талаарх байр суурь, саналыг нь авч цувралаар хүргэж байна. Энэ удаа эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцсан юм.
Тэрээр “Ирэх оны төсөв уламжлал ёсоор УИХ-ын гишүүдийн шахаасаар батлагдах болов уу. Төсвийн үндсэн үүрэг, эцсийн хэрэглэгч хэн бэ гэдгийг зарим нь огт ойлгодоггүй. Тэдний хувьд төсөв нь өөрийн сонгуулийн тойрогтоо ардын баатар болж харагдах зэвсэг эсхүл өмч мэтээр хардаг. Тэгэхээр үүнийг цэгцлэх учиртай. Урамшуулал нэрийн дор нэг удаа тараадаг мөнгө нь төсвийн зардлыг өсгөдөг. Мэдээж багш нарын цалин нэмэх хэрэгцээ шаардлага байгааг ойлгож байна. Гэхдээ үүнийг өөрөөр шийдвэрлэх гарц бий, түүнийг ашиглах хэрэгтэй. Тухайлбал, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэг боломж нь моргейжийн зээл байж болно. Зах зээл дээр эрэлтээс давсан нийлүүлэлттэй байгаа орон сууцаа зорилтот хүмүүст зээлийн уян хатан нөхцлөөр борлуулж болно. Энэ нь төсөвт үүсэх ачааллыг бууруулахаас гадна барилгын салбарт түгжигдсэн хөрөнгийг эргэлтэд оруулах боломж” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн ирэх оны төсөвт хэд хэдэн зүйлийг анхаарч, тусгахыг зөвлөсөн юм.
Инфляцийг өсгөх алхам хийх нь эдийн засгийг дахин улам хүнд байдалд оруулна.Нөгөөтэйгүүр 2016 оны сонгуулийн дараа хариуцлагагүй, улстөржсөн мэдээлэл хийсэн нь ам.долларын ханшийг өсгөхөд нөлөөлсөн. Хэдийгээр эдийн засаг тэлж байгаа ч ам.долларт шилжүүлэхээр манай улс ядуу гэх ангилалд орж байгаа юм. Зээлжих чадвар ч буурна.
Татварыг өндөр дүнгээр цөөн компаниас авахын оронд олон газраас бага хэмжээгээр хуримтлуулах нь орлогыг нэмэгдүүлдэг.
Эрдэс бүтээгдэхүүний үнийн таамгийг төсөвт тусгахдаа бодитой байлгах хэрэгтэй. Жишээлбэл, Чили улсад зэсийн үнийг ямар төвшинд байх вэ гэдэг таамгийг хоёр бие даасан зөвлөл гаргадаг. Үүнийг нь бодлого боловсруулагчид нь авч хэрэглэдэг. Манайд ийм жишиг тогтох хэрэгтэй. Үүний тулд Төсвийн зөвлөл байгуулах ажлаа эрчимжүүлэх ёстой.
Зардал талд мөрөөдлийн жагсаалт бичдэг бол орлого бүрдүүлэх хэсэгт эрдэс баялгийн үнийг дэлхийн зах зээлийн хамгийн дээд үнийг тусгадаг байдлаас татгалзах учиртай. Өөрөөр хэлбэл, мөрөөдлийн жагсаалтаа хэрэгжүүлэхийн тулд хийсвэр тоо бичдэг зарчмаа халах хэрэгтэй юм. Учир нь алдагдлыг өрөөр хаахаас өөр аргагүй болно.
Төсвийн бодлогоо хэдхэн улстөрчийн өмч болгосноор улсын төсөв эцсийн хэрэглэгчээсээ холдсон. Ийм учраас инфляц болон ядуурлыг бий болгож байгаа завхралыг арилгах талаар шинэчлэлийг эхлүүлээсэй.
Сэтгүүлчид, татвар төлөгчид маань системийн гажгийг засах талд анхаарлаа хандуулах нь УИХ-ын гишүүдэд зөвлөгөө өгөхөөс илүү үр дүнтэй байж болох юм.
Ирэх жилийн төсвийг бодит байдалд нийцүүлж гаргаснаар төсвийн сахилга батыг сахих боломж бүрдэнэ. Ингэснээр 2019, 2020 оны төсвийг бодитоор батлах эхлэлийг тавих юм. Учир нь сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зардал өндөр гардаг бичигдээгүй хууль бий. Тиймээс үүнийг ирэх онуудад өөрчлөх хэрэгтэй. Мөн олон нийтийн хяналт чухал. Учир нь улстөрчдийн баталж буй өндөр алдагдалтай төслийн төлөөсийг хойш үе маань үүрэх болно.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин