Д.Жигжиднямаа: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин УБТЗ-ын ажлыг үнэлсэн нь их урам зориг хайрласан

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Д.Жигжиднямаа: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин УБТЗ-ын ажлыг үнэлсэн нь их урам зориг хайрласан

Д.Жигжиднямаа: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин УБТЗ-ын ажлыг үнэлсэн нь их урам зориг хайрласан

-Монгол-Оросын найрамдлын сар болж байна. Үүний хүрээнд танай байгууллага ямар ажил зохион байгуулж байна вэ?

-УБТЗ бол Монгол, Оросын найрамдалт харилцааны амьд түүх болж үлдсэн цорын ганц том байгууллага.Энэхүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны нандин хэлхээ холбоог залгамжлан авч яваа учраас жил болгоны аравдугаар сард тэмдэглэдэг Монгол, Оросын найрамдлын сарыг манай хамт олон өргөн дэлгэр тэмдэглэж нэг бүтээлч ажил өрнүүлдэг.Өнгөрсөн оноос эхлэн бид байгаль орчин, хотын ногоон байгууламжид өнгө нэмэхийн тулд мод тарьж байна. 2016 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж мод тарьсан. Энэ жилээс төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгээ сэргээж хуучин төрхөнд нь оруулах ажлыг эхлүүлээд байна.“Барс” зах, УБТЗ-ын төв буудлын хойд талын цэцэрлэгийг оросууд дээр үед манайд барьж өгсөн түүхтэй. Гэтэл зах зээлийн шуурганд уг цэцэрлэг өртөж, бараг л устсан гэхэд хилсдэхгүй. Тухтай орчин бий болгож, мод бут тарья, гэрэлтүүлэг хийе гэсэн санаачилгын үүднээс УБТЗ-д ажиллаж буй монгол, орос ажилтнууд уг ажилд оролцож байгаа юм.

-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай Будапештэд уулзахдаа УБТЗ-ын ажил сайн байгааг онцолж дурдсан талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны сайтад бичсэнийг манай хэвлэлүүд орчуулж нийтэлснийг санаж байна.

-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин УБТЗ-ын тээврийн хэмжээ нэмэгдэж, ажил нь сайн байгааг онцолж хэлсэн юм билээ. Үүнийг сонсоод надад үнэхээр  сайхан санагдсан. Ганцхан би ч биш нийт төмөр замчид маань баярласан. Бидэнд маш их урам зориг өгсөн. Үүнээс илүү үнэлгээ гэж юу байхав.

-Саяхан бүс нутгийн тээвэр логистикийн асуудлаар манай улсад болсон олон улсын бага хурал дээр тавьсан таны илтгэл нилээд анхаарал татах шиг болсон. Бүс нутгийн төмөр замын тээврийн хөгжилд тэр дундаа хятад-монгол-оросыг холбосон эдийн засгийн коридор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд УБТЗ ихээхэн чухал үүрэгтэй гэж хуралд оролцогсод үзэж байсан. Энэ давуу байдлаа УБТЗ өнөөдөр хир зэрэг ашиглаж чадаж байгаа вэ?

-Тиймээ, саяхан Улаанбаатар хотноо ЗТХЯ, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагааны асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулсан. Би хурлын үеэр УБТЗ-ын өнөөгийн байдал, цаашдын буюу 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг танилцуулсан. Ази, европыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөрш гурван улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УБТЗ чухал үүрэгтэй. Хоёр тивийг холбосон төмөр замын хамгийн дөт коридорыг эзэмшиж байгаа  давуу байдлаа бид ашиглахыг хичээж байгаа. 2017 онд л гэхэд УБТЗ-ын тээврийн хэмжээ огцом нэмэгдлээ. Манай улсыг дамжин өнгөрч байгаа транзит тээвэр  гэхэд л 25 хувиар өссөн байх жишээтэй.  Чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн онд 168 байсан бол энэ жил 456 болж бараг л 3 дахин өсөх төлөвтэй байна.

Ийнхүү өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын салбарт эзэлж байгаа байр сууриа бататгахын тулд УБТЗ-д нэн даруй өргөн хүрээтэй техникийн шинэчлэл хийх шаардлагатай. Үүнд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана. Саяны хурлын үеэр Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк гэх зэрэг санхүүжүүлэх боломжтой гэж үзсэн газруудтай ярилцаад нааштай хариу аваад байгаа. Мөн түүнчлэн манай улсын Засгийн газрын ОХУ-аас авах талаар яригдаж байгаа зээлийн нилээдгүй хэсгийг УБТЗ-ын шинэчлэлд зориулах хүсэлтээ ЗТХЯ-ндаа тавиад байна.

-УБТЗ-ын тээврийн хэмжээ 2017 онд огцом өсөхөд юу нөлөөлсөн бэ?

-Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн байдал аажмаар сэргэж, гадаад зах зээлд гаргах манай экспортын бүтээгдэхүүнүүд нэлээд өссөнтэй холбоотой. Хоёрдугаарт, дамжин өнгөрөх тээвэр 25 хувиар өссөн нь нөлөөлсөн. Энэ нь бидний ажлын зохион байгуулалттай холбоотой гэж хэлж болно. Бид өөрсдийнхөө замыг гадаад зах зээлд таниулах зорилгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард “Транзит Монгол” нэртэй олон улсын бага хурал зохион байгуулсан. Үүнийг Хятадын ачаа илгээгч нар ихэд сонирхож, 400 гаруй хүн оролцон транзит тээврийн талаар хэлэлцэж зөвлөлдсөн. Тэрчлэн ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй манай хүмүүс хятадын өмнөд мужаар явж хятадын боомтын удирдлага, ачаа илгээгч нартай уулзаж, өөрийн төмөр замын давуу талыг сайтар ухуулж таниулсан. Манай замыг сонирхож байгаа улсуудад эдийн засгийн ашигтай байлгах зорилгоор УБТЗ-ын Ерөнхий хороо чингэлэг тээвэрлэлтийн үнийг 15 хувиар буулгасан юм. Энэ нь манай нутгаар дамжих транзитын өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн гэж хэлж болно. Дээр нь манай төмөр замчид дотооддоо технологийн оновчтой өөрчлөлтүүд хийсэн нь ч нөлөөлсөн. Манай замаар дамжин өнгөрч буй тээврийн цагийг багасгасан хурдтай тээвэр хийж байна. Энэ бүхэн тээврийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөллөө. Импортын болон дотоодын ачаа нийлүүлэх хэмжээ өнгөрсөн оноос багассан. Үүнийг бид дамжин өнгөрч буй тээвэр, экспортын тээврээр нөхөн ажиллаж байна.

-2030 он хүртэлх хөгжлийн зорилтоо тодорхойлсон тухайгаа товч танилцуулахгүй юу? 

-Манай төмөр замын чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг бараг 2 жил шахам ажиллаж байж  УБТЗ 2030 он гэхэд ямар түвшинд очихоо тодорхойлсон хөтөлбөр боловсруулж энэ онд төмөр замчдаараа хэлэлцүүлсэн. Уг хөтөлбөрт УБТЗ-ын тээврийн хүчин чадлыг 3 янзаар төлөвлөсөн.  Нэгдүгээр хувилбар буюу хөгжлийн бага хувилбараар 2030 он гэхэд жилд 32,6 сая тонн ачаа тээвэрлэдэг байхаар, дунд хувилбараар 53,6 сая тонн, гурав дахь буюу  хөгжлийн их хувилбараар 73,7 сая тонн ачаа тээвэрлэдэг байхаар тооцож төлөвлөсөн. Эдгээрээс 53,6 сая тонн ачаа тээвэрлэдэг байх дунд хувилбар нь нэлээд бодитой байх болов уу гэж харагдаж байна. Уг хөтөлбөрөө ЗТХЯ-нд танилцуулсан. Мөн манай  хөрөнгө оруулагч нөгөө тал болох “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэгийн удирдлагуудад танилцуулаад байна. Манай боловсруулсан хөтөлбөрийг “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулна. Хөтөлбөр дэмжигдээд цаашаа явбал бидний 2030 он хүртэл баримтлах хөгжлийн мөрийн хөтөлбөр болох юм.

-Энэ хөтөлбөртөө төмөр замыг цахилгаанжуулах, хос замтай болгох талаар тусгасан уу?

-Хамгийн өөдрөг хувилбар буюу 73,7 сая тонн ачаа жилд тээвэрлэдэг болбол төмөр замыг хос болгох, цахилгаанжуулах гэсэн шийдлүүд багтсан. Хамгийн гол нь энэ бүхэнд маш их хөрөнгө шаардагдана. Хоёр дахь хос зам ч, цахилгаанжуулах ч, хурдны галт тэрэг ч гэсэн бүгд асар их хэмжээний хөрөнгө шаардсан ажил. Саяар бус тэрбум ам.доллараар яригдах  хөрөнгө оруулалт шаардлагатай болох юм.

Онолын хувьд тодорхой ачааны хэмжээ, бэлэн ачааны баазтай болж байж эдгээр ажлыг эхлүүлнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцохгүй шууд л цахилгаанжуулна гэх юм бол тэр нь асар их хэмжээний үхмэл, ашиглахгүй, оновчгүй хөрөнгө оруулалт болж болзошгүй. Тэгэхээр 70-аас дээш сая тонн ачаа тээвэрлээд эхэлбэл зайлшгүй цахилгаанжуулахаас өөр аргагүй. Төмөр замын хөгжлийг тодорхой ачаа, зорчигчийн хэмжээнд нь тааруулж хөгжүүлдэг юм.

-Тэгвэл өнөөдөр УБТЗ жилд дунджаар хичнээн тонн ачаа тээвэрлэж байгаа вэ?

-Өнгөрсөн жил 19 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн бол энэ жил 22 сая тонн ачаа тээвэрлэх урдчилсан төлөв харагдаж байна.

-УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадал ер нь хэдэн тонн орчим байдаг юм бэ?

-Одоогийн хүчин чадал нь жилдээ 25 сая тонн орчим гэж тооцдог.

-Та тээврийн хэмжээ өсч, ачаа эргэлт нэмэгдэж байгаа гэж ярилаа. Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр зүтгүүр, ачааны вагон хүрэлцэхгүйд хүрч байгаа гэж дуулдсан. Үүнийг яаж шийдэж байгаа вэ?

-Мэдээж манай хүчин чадал одоохондоо хязгаарлагдмал байгаа. Ачаа эргэлт ихэссэнтэй холбоотойгоор манай дотоодын хөдлөх бүрэлдэхүүний парк хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Үүнээс болж бид ирж буй захиалга болгоныг биелүүлж чадахгүйд хүрч байна. Вагон, түүний эргэлтийн тоог нэмэх арга хэмжээ авахын тулд бас л хөрөнгө мөнгө шаардлагатай. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороогоор энэ асуудлыг хэлэлцээд, 1000 вагон авах гэрээ хийхээр болсон. Гэхдээ хөрөнгө мөнгөний байдлаас шалтгаалаад Оросоос хуучин вагон авч эхлээд байна. Түүний эхний хэсэг болох 200-гаад вагон нь орж ирсэн. Эдгээр вагон нь Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартад нийцсэн ачааны хагас вагонууд юм. Зүтгүүрийн хувьд ОХУ-аас хоёр шинэ зүтгүүр авсан. Хуучин ашиглаж буй ихэнх зүтгүүрийг шинэчлэн засварлаж байгаа. Зүтгүүрүүдэд засвар хийж байх үед зүтгүүрийн тоог бууруулж болохгүй учраас ОХУ-аас гурван зүтгүүр түрээсээр авлаа. Өөрсдийнхөө зүтгүүрийг засаж дуусахаар буцааж өгөх юм.  Иймэрхүү арга хэмжээ аваад л ажиллаж байна даа.

-Монгол-Оросын Засгийн газар УБТЗ-ыг 50:50 хувиар тэнцүү эзэмшдэг. Хоёр улсын Засгийн газраас та нэн түрүү юу хүсэж байна вэ?

-Хоёр улсын засгийн газраас  хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна. УБТЗ бол манай улсын эдийн засагт жинтэй хувь нэмрээ оруулдаг тээврийн салбарын үнэ цэнэтэй тоглогч нь гэж хэлж болно. Тээврийн системийн зүрх судас болсон энэ салбар доголдож болохгүй.

Бидэнд шийдэх шаардлагатай маш олон асуудал байна. Үүнээс нэн даруй 400 км-т замын шинэчлэлт хийх, өнөөдөр хөдөлж буй зүтгүүрийн болон вагоны паркаа бараг 2 дахин нэмэгдүүлэх  тулгамдсан асуудал байна. Үүнд шаардагдах хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. Үүний тулд нийгэмлэгийнхээ санхүүгийн байдлыг сайжруулах нь чухал болоод байна. Одоогийн УИХ, Засгийн газар  УБТЗ-ыг сайн дэмжиж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс манай дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн. Одоо өмнөх онуудын онцгой  татварын болон дамжуулан зээлдүүлсэн зээлийн  өрийн асуудлыг нэг мөр шийдэж өгвөл бидний санхүүгийн байдалд их эерэг нөлөө үзүүлнэ.

2010 оноос хоёр улсын Засгийн газар хамтарч манай дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг хөрөнгөөр бид зүтгүүрийн болон зорчигчийн вагоны паркыг шинэчиллээ. Мөн дохиолол, холбооны системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байна. Манай байгууллагын эдийн засгийн үр ашгийг хойш татаж байдаг зүйл нь алдагдалтай тариф. Жишээ нь, дотоодын нүүрс тээвэр байна. Уурхайгаас дулааны цахилгаан станцууд руу нүүрс тээвэрлэхэд алдагдалтай тариф мөрддөг. Өөрөөр хэлбэл, нэг төгрөг зараад буцааж 85 мөнгө авч байх жишээтэй. 10-15 хувийн алдагдалтай ажилладаг гэсэн үг л дээ. Жилд ойролцоогоор 6.5 сая тонн нүүрс тээвэрлэдэг. Нийт ачааны хэмжээ энэ жил 22 сая тоннд хүрэх болов уу гэж тооцохоор 40 орчим хувь нь алдагдалтай ачаа болж байна. Үүний дотроос эрчим хүчний нүүрсний тээврийн алдагдал нь 4.0 хувь орчим юмуу даа. Ядахдаа нүүрсний тээврийн алдагдлыг Засгийн газар, төрөөс шийдээд өгвөл манай техникийн шинэчлэлд оруулах хөрөнгийн хэмжээ өснө гэсэн үг. Уг нь УИХ-ын ЭЗБХ-ноос Засгийн газарт өгсөн үүрэг байгаа л даа.

-Одоо төмөр зам, төмөр замчид руугаа чиглэсэн ямар асуудлыг шийдэхийг зорьж байгаа вэ?

-Төмөр замын тээврийг 2018 онд улам илүү өсгөх нь манай гол зорилт. Техник технологийн хоцрогдолтой гэж төмөр замын салбарыг шүүмжилдэг нь зарим талаараа үнэн. Тиймээс техник технологио шинэчлэх ажлыг тууштай хэрэгжүүлээд явна. Тээврээс олсон орлогын эх үүсвэрээр өөрсдийнхөө бололцооны хэрээр техник технологийн өөрчлөлт хийх юм. Манайд хугацаа нь дууссан гол зам байгаа нь юун түрүүнд их санаа зовоож байгаа. Тиймээс яаралтай энэ 400-гаад км замыг засаж дуусгах хэрэгтэй. Энэ жил уг замыг засаж, шинэчлэх талаар нэлээд ажил хийсэн. 2016 онд 19 км зам зассан бол энэ жил бид 30 км зам засахаар төлөвлөөд 50 км зам заслаа. Дараа жил энэ хэмжээгээ доод тал нь 70 км болгохоор төлөвлөж байна.

Хоёр дахь маш чухал ажил бол нийгэм халамжийн асуудал. 15000 төмөр замчны 9000 нь тээвэртэй холбоотой ажилтан, ажиллагсад байдаг. Үлдсэн 6000 нь туслах буюу нийгмийн салбарт ажилладаг. Манай байгууллага нийгмийн салбарын тодорхой ачааг улсын нуруун дээрээс хөнгөлж, өөрсдөө дааж явдаг. Тухайлбал, цэцэрлэг, сургууль, төмөр замчдын соёлын ордон, барилга, зарим суурин газрын дэд бүтэц манай балансад байдаг. Жишээ нь Салхит тосгоны цэвэрлэх байгууламж, цахилгааны шугам, гэрэлтүүлэг гэхэд манайд хамааралтай, төмөр замын хүмүүс хариуцаж ажиллуулдаг юм. Тиймээс бид нийгмийн салбартаа нэлээд ажил хийхээр төлөвлөсөн. Төмөр замын ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдсэнээр бид нийгмийн салбар руугаа хөрөнгө оруулах бололцоотой болж байна. Мөн нийт ажилчдынхаа цалинг энэ онд 10 хувиар нэмж чадлаа. Ачааны хэмжээ нэмэгдэн, орлого ихсээд ирвэл цаашид ч бид цалингаа нэмэх боломж бүрдэнэ. Энэ гурав бол хамгийн ойрын том зорилт.

-Та сая 400 км зам шинэчлэх шаардлагатай гэж ярилаа. Богд уулын урдуур төмөр зам тавих талаар яригдаж байгаа. Энэ нь уг 400 км замд орох уу?

-Богд уулын урдуур Улаанбаатар хотыг тойруулах замын төсөл бол бий. Энэ зам хэрэгтэй. Түүнийг барьчих юм бол Улаанбаатар хотын дундуур явж байгаа дамжин өнгөрөх ачааны урсгал тойроод явах юм. Улаанбаатар хотод орж ирэхийн тулд Эмээлт, Хоолт гэсэн хоёр том даваа давдаг. Энэ давааг давахад манай зүтгүүрүүдийн хүч унаж, технологийн үргүй зардал их гардаг юм. Мөн  Улаанбаатар хот руу орж ирэхэд тахир,тойруу зам ихтэй учраас хүнд галт тэрэг хурдтай явж болдоггүй. Бас тахир тойруугаас болоод дугуй, зам төмрийн элэгдэл их. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхэд Богд уулын урдуур тавих төмөр зам ашигтай л даа. Мөн хотын агаарын бохирдлыг багасгах, аюулгүй байдлыг хангахад ч тодорхой хэмжээний үр дүн үзүүлэх юм. Гэхдээ хөрөнгийг нь хаанаас гаргаж хэн барих, яаж ашиглах нь одоогоор шийдэгдээгүй. 400 км замд  уг төслийн зам ороогүй.

-Улаанбаатар хот доторх төмөр замд хэд хэдэн газар нүхэн гарц хийж ашиглалтад орууллаа. Авто болон төмөр зам нэг түвшинд огтлолцохоор их аюултай учраас үүнд их анхаарч байгаа болов уу?

-Нийслэлийн удирдлагын хамт бид хот дундуур өнгөрч буй төмөр замын нөхцөл, аюулгүй байдлыг нягталсан юм. Сүүлийн үед галт тэрэгний хөдөлгөөн эрчимжиж байгаа учраас төмөр зам орчмын аюулгүй байдлыг хангахад нэлээд хүндрэлтэй болж байгаа. Манай иргэд зам товчлох гээд төмөр замын аюултай бүсээр их явдаг. Ингэхдээ анхаарал болгоомжгүй явж байгаад галт тэргэнд дайруулах, шүргүүлэх явдал гарч байна. Бид нийслэлийн удирдлагатай төмөр замаар явж танилцахдаа Толгойтоос Амгалан өртөө хүртэл нүхэн гарц 30-ийг хийвэл осол, эрсдэлээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чадах юм байна гэдгийг тооцсон. Бага багаар энэ ажлыг хийж байна.. Энд бас л хөрөнгө мөнгө шаардлагатай учир бүгдийг нь нэг дор хийх боломжгүй. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн нутагт “Энхжин” худалдааны төвийн дэргэд явган хүнд зориулсан нүхэн гарц хийлээ. 2018 онд хэд хэдэн нүхэн гарц хийхээр төлөвлөсөн.

-Галт тэрэгний машинч нар ур чадвар гаргаагүй бол төмөр замын гарам дээр түгжирсэн автомашинуудыг  мөргөж болзошгүй бичлэг сошиалаар гарсан.  Овсгоо самбаа гаргасан ажилтнуудаа урамшуулсан биз дээ?

-Манай хоёр машинч үнэхээр ур чадвар гаргаж, Замын цагдаагийн газрын урд гарам дээр түгжрэлд орж зогссон машинуудыг дайрч осол гарахаас сэргийлж чадсан. Магадгүй тэд овсгоо самбаа гаргаж, зайгаа мэдэрч тоормослоогүй бол хүний амь нас, эд хөрөнгөнд асар их хохирол учирч болзошгүй байсан. 6000 тонн ачаатай, 90 км/цагийн хурдтай явж байгаа галт тэрэг тоормослоход инерцээрээ 4-5 км явж байж зогсдог. Тэгэхээр 4-5 км-ийн тооцоо хийгээд мөргөхгүй зогсоно гэдэг бол мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан гэсэн үг. Үүнийг нь үнэлж, салбарын болон мөнгөн шагналаар шагнаж, алдаршуулах ажлыг зохион байгуулсан.

-Баянтүмэнгийн төмөр зам гээд нэг орхигдсон газар байх шиг.Үүнд хэрхэн анхаардаг юм бэ?

-Тус төмөр зам 1956 онд Улаанбаатар төмөр замд шилжиж ирсэн байдаг. 1990-ээд оны эхэн үед Оросын мэргэжилтэн, цэргүүд нутаг буцаж, манай орон зах зээлд шилжсэнээр  Баянтүмэн тасаг зогсонги байдалд орсон. Тэнд нийт 264 хүн ажилладаг, ер нь бол ачаалал багатай ашиггүй, жил болгон 3-4 тэрбум төгрөгийн татаас авч байдаг юм. Гэхдээ ашиггүй гээд түүнийг хааж болохгүй. Сүүлийн жилүүдэд Баянтүмэн бага зэрэг амь орж байна. Тухайн бүс нутгаас уул уурхайн бүтээгдэхүүн бага хэмжээгээр тээвэрлэж эхэлж байна. Түүнтэй холбогдуулаад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гарган, дэр моднуудыг нь сольж эхэлсэн. Энэ жил 10000 дэр модыг сольж тавиад байна. Ер нь тухайн бүс нутгаас ачаа их гарах юм бол Баянтүмэн тасагтаа техникийн шинэчлэл хийнэ. Нэг найдаж байгаа зүйл нь зүүн тэнхлэгийн төмөр зам баригдаж, манай Баянтүмэн тасагтай холбогдвол хойноосоо урагшаа, урдаасаа хойшоо дамжин өнгөрөх тээвэрлэлт бий болж, манай тасаг сэргэх юм. Ер нь бол энэ замаа өөд нь татах талаар бодож боловсруулсан зүйл бий.

-Ажлын тань талаар багагүй ярилаа. Одоо бага зэрэг сэдвээ өөрчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй зүйлүүдийг танаас тодруулмаар байна. Тухайлбал, 200 хүнийг халж сольсон тэд Ерөнхий сайдад захидал бичсэн. 56 хүнийг эргүүлж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелүүлэхгүй байна гэх мэтээр бичсэн байсан. Үүнд тайлбар өгөөч.

-Хэвлэлээр бичээд байгаа шиг 200 хүнийг халж сольсон юм бол байхгүй. Дээр нь 56 хүнийг эргүүлж ажилд нь авах шүүхийн шийдвэр гараад түүнийг биелүүлэхгүй байгаа асуудал бол байхгүй. Энэ бол гүтгэлгийн шинжтэй л мэдээлэл.

Би бүр тодорхой баримттай ярья. 2016 оноос одоог хүртэлх хугацаанд нийт 56 хүнийг ажилд эргүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн маргаан гарсан байна. Үүнээс шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 18 хэрэг, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй буюу шүүхийн шатанд байгаа 38 хэрэг байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 18 хэргийн 3 нь УБТЗ-ын талд, 2 нь эрүүгийн хэргийн улмаас хэрэгсэхгүй болсон, 13 нь нэхэмжлэгчийн талд шийдэгдсэн байна. Үүнээс шүүхийн шийдвэр биелээгүй буюу ажилд эргүүлэн аваагүй 6 хэрэг л байна. Дээрх 13 ажилд эргүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн маргааны дотор миний өмнөх дарга нарын шийдвэрээр болон Ерөнхий хорооны шийдвэрээр халагдсан хүмүүс ч байна.

Мөн түүнчлэн дээр дурдсан 56 маргаан дотор салбар нэгжийн дарга нарын тушаалаар ажлаас халагдсан 19 хүний хөдөлмөрийн маргаан ч бас багтаж байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд тодорхой албан тушаалуудаас дээш албан  тушаалтнуудыг томилох, өөрчлөх эрх замын даргад байдаг. Түүнээс дооших албан тушаалуудыг байгууллагын дарга нар нь хариуцдаг. Ер нь бол 15000 хүнтэй байгууллагад боловсон хүчний хөдөлгөөн байнга явагддаг. Өөр ажилд шилжих, ажлын хариуцлага алдаж халагдах, тэтгэвэртээ гарах, шинээр ажилд авах зэрэг байнгын хөдөлгөөн бий. Ажлыг нь өөрчлөх, шилжүүлэх, дэвшүүлэх гээд өдөртөө 5-10 хүний тушаал гаргадаг.

Ажлаас халагдсан хүмүүс шүүхэд хандах нь тухайн хүний эрх. Гэхдээ үнэхээр ажлын ноцтой хариуцлага алдаж ажлаас халагдсан асуудлыг би зөв гэж хэлэхгүй. Тэр тусмаа төмөр зам бол минут секундээр хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой маш хариуцлагатай ажил. Мэдээллийн нэг сайтад Мөнхбат гэдэг хүн ярилцлага өгч “Намайг хууль бусаар халлаа” гэсэн байсан. Тэр хүний тухайд хариуцсан аж ахуйгаа маш замбараагүй авч явж, хэд хэдэн удаа сануулга авсан. Түүгээр ч зогсохгүй хариуцаж байсан байгуулагад нь хөдөлмөр хамгааллын маш том осол гарч хүний амь нас эрсэдсэн.  Албаных нь дарга тэр хүнийг ажлаас чөлөөлөх санал гаргасан учраас хариуцлага тооцож ажлаас халсан. Тэгтэл одоо хуурамч нотлох баримт бүрдүүлэн, ажлаас чөлөөлөх шийдвэр гарахын өмнөх өдөр өөртөө байсан бланкыг ашиглан сургалтад явсан бичиг хийж шүүхэд өгсөн байсан. Шүүх энэ хүний талд шийдсэн. Бүхэл бүтэн байгууллагыг хохироож ажлын хариуцлага алдсан байхад ингэж шийдэж болохгүй биз дээ.

Ер нь ор үндэслэлгүй ажлаас халсан тохиолдол нэг ч байхгүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Ажлаас халагдсан хүмүүсийн шалтгаан, шийдвэрүүдийг бүгдийг үзэх юм бол бүгд шалтгаантай.         

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа асуудлыг АТГ хянаж шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага шийдвэрээ гаргаагүй байхад хэвлэлээр намайг янз бүрээр цоллоод байх нь зүй ёсны хэрэг биш байх. Энэ бол зорилготой, зохион байгуулалттай, захиалгатай хэдэн хүний “гаршсан” ажил гэдгийг ч би сайн мэдэж байна.

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэвлэлийн хурал хийхдээ УБТЗ-д ял эдэлж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ажиллаж байгаа талаар  ярьсан. Бас “УБТЗ гэмт хэрэгтнүүдийн үүр боллоо” гэсэн мэдээлэл ч гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Өмнө нь УБТЗ-д ажиллаж байсан хэсэг хүмүүс ийм гомдол гаргасан юм билээ.  АТГ  намайг дуудаж надаас тайлбар авсан.

Г.Баасан гуайн тэргүүлж байгаа АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь хууль хяналтын байгууллага биш байх. Гэтэл хууль хяналтын байгууллагын ямар ч  дүгнэлт шийдвэр гараагүй байхад сонин хэвлэлээр намайг олон тэрбум төгрөг завшсан гэж чичлээд байгаа нь  хууль зөрчиж  хүний нэр төрд халдсан үйлдэл гэж үзэж байна.

Тэр гурван хүний тухайд гэвэл АТГ-аас тэдгээр хүмүүсийг эрхэлж байсан албан тушаал дээр нь ажиллуулж болохгүй гэсэн шаардлага ирүүлсний дагуу ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэтэл  Г.Баасан гуай намайг эзгүйд манай ажил дээр ирж шалгаад, тэр гурван хүн ажлаа хийж байна гэж ярьсан байна лээ. Тэд аль хэдийн ажлаасаа чөлөөлөгдөөд Улаанбаатар төмөр замаа буцаагаад шүүхэд өгчихөөд байгаа.

Энэ 3 хүний тухайд нэг зүйлийг хэлье. Баасан гуай энэ 3 хүнийг ерөөсөө УБТЗ-д ажил хөдөлмөр эрхэлж болохгүй мэтээр яриад байх шиг байна лээ. Манайд АТГ-аас асуух шаардлагагүй ажил албан тушаал гэж бас байнаа. Аливаа хүн Монгол Улсын шүүхийн системд ялаа эдлээд дууссан бол тэр өдрөөсөө эхлээд ялгүйд тооцогддог. Хүнийг насан турш нь яллаж болохгүй биз дээ. Тэр 3 хүний нэр төрийг гутааж доромжилж байна. Ингэж бас болохгүй байх. Тэдний гэр бүл үр хүүхдэд нь энэ бүхнийг дуулахад хэцүү л байсан байх. Миний өмнөх даргын үед Даваапил гэх хүн, хүн гүтгэсэн хэргээр шүүхээс ял аваад, ялаа эдэлж дуусаагүй байхад Замын орлогч даргаар томилж ажиллуулж байсан. АТГ-ын зөвшөөрөлгүй. Тэгэхэд энэ  хүмүүс  буруу, зөв гэж шуугиулж, хэвлэлийн бага хурал хийж байгаагүй л санагдах юм.  Юм шударга байсан нь зүгээр гэж бодож байна. Би энэ талаар УБТЗ-ын даргын хувьд бус, жирийн иргэний хувьд санал бодлоо хэлж байгаа юм шүү.

-Зарим хэвлэлд 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авахдаа Английн компаниар зуучлуулж, 770 мянган ам.доллар зувчуулсан гэж мэдээлсэн байна лээ. Энэ  талаар таны үгийг сонсмоор байна.

-Уг машиныг худалдан авах тухай тендер 2016 онд хоёр ч удаа зарлагдсан юм. Гэвч хоёулаа буцаагдсан. Хоёр тендер хүчингүй болсон учраас хуулийн дагуу шууд худалдан авахаар болсон. 2016 онд ийм машин авахад төсөвлөгдсөн төсөв байсан. Тэр үед гурван газар үнийн санал гаргасан байсны хамгийн доод үнэ нь 1 сая 770 000 ам.доллар байсан юм. Тэгээд нийлүүлэгчтэй нь гэрээ хийгээд худалдаж авахаар болсон. Худалдаж авахаасаа өмнө манай мэргэжилтнүүд очиж шалгаад шинэ, сайн машин байна гэж дүгнэсэн. Уг машин нь Латви улсад байсан. Тэр машиныг үйлдвэрлэсэн үйлдвэр 2014 онд дампуурчихсан, Англид төвтэй компани зуучлан худалдсан байсан. Одоо тэр машин үр бүтээлтэй ажиллаад, энэ жилийн замын их засварын  ажлын голыг нугалаад явж байгаа. Намайг нэг сая ам.доллараар машин авч, дундаас нь 770 мянган доллар идлээ гэсэн зүйл ярьж байна. Энэ асуудлыг АТГ шалгаад ямарч дүгнэлт шийдвэр гаргаагүй байхад намайг ингэж гүтгэж байгаа нь сонин л байна. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтооно гэдэгт итгэж байна.

-Зам тээврийн сайд асан М.Зоригтоос машин авсан, дэд сайд Б.Цогтгэрэлийн автомашин, шатахууны зардлыг УБТЗ  хариуцдаг гэх зэрэг мэдээлэлд ямар хариу өгөх вэ?

-Эдгээр нь АТГ-т бичсэн гомдолд дурдагдсан асуудлууд байгаа юм. Сайд асан М.Зоригтоос машин авсан нь үнэн. Нэг жил унасан шинэ шахуу машин. Манайд 130 саяар худалдана гэсэн  юм. Тийм загварын шинэ машин тухайн үед Моннист 198 сая төгрөгийн үнэтэй байсан, одоо бол бүр үнэтэй болсон байна лээ. УБТЗ-д автомашины хэрэгцээ тэр үед байсан. Уг машинуудыг зах зээлийн үнээс хямд авсан. Би хувьдаа ашигтай наймаа хийлээ гэж бодоод байгаа. Тэгээд ч Зоригтоос машин авахад тэр хүн сайд байгаагүй. Ер нь аливаа худалдан авалтыг Замын дарга гэдэг ганц хүний шийдвэрээр хийдэггүй юм. Олуулаа хэлэлцэж, Тендер, Үнийн комиссуудын шийдвэрийг албажуулж Замын дарга гарын үсэг зурдаг зарчмыг миний бие хатуу баримталж ажилладаг. Энэ бас сүүлд яригдсан тосны асуудалд ч хамаатай гэдгийг хэлмээр байна. Б.Цогтгэрэл дэд сайдын хувьд УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга. Хоёр улсын гэрээ, бусад холбогдох бичиг баримтын дагуу бид унаагаар хангаж, шатахууных нь зардлыг гаргаж байгаа.

-Киприйн оффшор бүсэд данстай тээвэр зуучлалын компанийн нууц эзэн нь таныг гэдэг шүү дээ. Үүнд хариулт авмаар байна.

-Үүнд олон ч удаа тайлбар өгсөн дөө. Хэсэг бүлэг хүний хийж байгаа явуургүй ажлын нэг нь энэ. Та нар тэр компанийн бичиг баримтыг шалгаад үз л дээ. Надад ямар ч компани байхгүй гэдгийг дахин хэлье.

-Акциз төлөөгүйгээс улсыг хохироосон гэдэг асуудлын тухайд?

-Энэ ч бас АТГ-т очоод байгаа цаасан дээр л дурдагдсан асуудал. Акциз буюу түлшний онцгой албан татвар УБТЗ  төлөхгүй байгаагаас улс хохирч байна гэдэг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах 1949 оны хэлэлцээрээр УБТЗ өөрийн барих ашиглахад зориулсан бүх бараа материалыг одоо буюу ирээдүйд гарах татвараас чөлөөлөгдөнө гээд үүрэг хүлээсэн. Тиймээс  татвар төлөх ёсгүй. Энэ миний ч шийдвэр биш. Энэ бол манай Ерөнхий хорооны шийдвэр.

-Л.Пүрэвбаатар даргын амьдарч байсан хаус нилээд хэл ам дагуулдаг. Энэ хаус УБТЗ-ын өмч юм уу, эсвэл……?

-Л.Пүрэвбаатар “УБТЗ”-ын дарга байхдаа контрактын гэрээ байгуулсан байдаг юм билээ. Тэр дотор нь ажил амралтын дэглэмийг хангахуйц байраар хангана гэсэн заалт байгаа юм. Тэр байр нь 50 юмуу 100 саяын үнэтэй ч байж болно. Гэхдээ 1 тэрбум 500 саяын үнэтэй байна гэдэг арай дэндүү. Тэр гэрээ манай Төрийн өмчийн хороонд байдаггүй юм билээ. Уг нь байх ёстой. Тэр байраа өөрийн өмч болгох өргөдөл надад бичсэн. Би УБТЗ-ын өмчийг хэн нэгэнд өгөх эрх байхгүй. Тиймээс ерөнхий хорооноос асуусан. Ерөнхий хороо энэ байрыг зах зээлийн үнээр худалдаж олсон мөнгөө төмөр замын дансанд төвлөрүүл гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл Л.Пүрэвбаатар байраа суллаж өгөхгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шаардсан боловч биелүүлээгүй. Тийм учраас хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчийг шилжүүлж авах  талаар шүүхэд өргөдөл өгсөн. Бодит байдал ийм л байна. Бид 1 тэрбум 500 саяын байрыг нэг хүнд өгснөөс нэг цэцэрлэг  барьсан нь дээр шүү дээ. Нэг хүн хоёр жил УБТЗ-ын даргаар ажиллаад  1 тэрбум 500 сая төгрөгийн байр аваад байвал юу болох вэ. Энэ бол арай шударга биш хэрэг  биз дээ.

-Таныг гүтгэж нэр төрийг чинь гутаан доромжлоод байгаа асуудлаар шүүхэд хандах уу?

-Шүүхэд хандана. Эхлээд тэр хүмүүсийн өгсөн гомдлын дагуу шалгаад худлаа юм байна гэсэн дүгнэлт нь гараад ирэг. Түүний  дараа би шүүхэд хандана. Эдгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд бол ганцхан миний төдийгүй нийт төмөр замчдын нэр төртэй холбоотой асуудал гэж би ойлгож эмзэглэж байгаа. УБТЗ тэр чигтээ гэмт хэрэгтнүүдийн үүр болсон, болохгүй бүтэхгүй газар гэж л ойлгогдохоор зүйлийг тарааж байна. Энэ нь төмөр замчдын сэтгэл санааг үймүүлж, тэднийг талцуулж, удирдлагадаа итгэх итгэлийг сулруулж, хөдөлмөрийн сахилга хариуцлагыг сулруулж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултай үйлдэл гэж ойлгож байна.

Г.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж