Ардчилсан намын зарим гишүүд намаасаа гарч, шинэ нам байгуулах гэж байна гэсэн шуугиан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөд сэвж байна. Яг үнэндээ энэ бол шинэ мэдээлэл биш.
2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн АН шинэчлэл хийж байгаагаа зарласан. Намынхаа гишүүдийн бүртгэлийг шинэчилж, намын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ намын нийт гишүүдийн саналаар тодруулах гээд олон үйл явц тус намд өрнөсөн. Үүний хажуугаар АН доторх олон фракциуд хоорондоо нэгдэж, задарч байсныг олон нийт тийм ч сайн анзаараагүй байж болох. АН шинэчлэгдэх үйл явцад хамгийн их “тодорч”, “манлайлсан” хүмүүс бол одоогийн АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар. Үнэн хэрэгтээ намын даргын сонгуульд “Алтангадас”, “МоАН”, “Шонхор”, “МҮДН” гээд фракцуудын төлөөлөл өрсөлдсөн боловч энэ бүхэн ганц хүний төлөвлөсөн сценарийн дагуу явагдсан гэж хэлж болно.
МоАН өрх тусгаарлах уу?
АН-ын хэсэг бүлэг гишүүд намаасаа гарч, шинэ нам байгуулах нь гэх яриа үе, үе чих дэлссээр ирсэн. Намын даргын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад МоАН санаачилгын гишүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болсон нь намын үйл ажиллагаа, намын удирдлагад сэтгэл дундуур болсны илрэл байсан юм. МоАН санаачилга анх 2014 онд байгуулагдаж байсан. Энэ санаачилгыг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Л.Болд нар байгуулж байсан. Энэ санаачилга хүрээгээ өргөтгөж, АН-ын залуучууд болох “Нэг ардчилал” фракцитай хамтрах болсон. Өөрөөр хэлбэл, “Нэг ардчилал” татан буугдаж, албан ёсоор МоАН-тай нэгдэж буйгаа 2016 оны арванхоёрдугаар сард зарлаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлуудыг эргэн санавал АН-ын ‘Шонхор’, ‘Алтангадас’, МҮДН зэрэг нөлөө бүхий фракц эрх ашгийн төлөө нэгдчихсэн нь намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуулиар анзаарагдсаныг хэлэх нь илүүц биз. Энэ бүх фракцийн тойргийн гадна үлдэгсэд бол МоАН санаачилга. Энэ санаачлагад Нэг ардчилал фракцийхан нэгдсэнээс хойш АН-ын гишүүд нам байгуулах нь гэсэн яриа гарч эхэлсэн. Тойргийн гадна үлдсэн болохоор тэгж ярьсан уу, эсвэл бодит байдал уу гэдэг одоогоор тодорхой бус байна. Ямартай ч АН-ын зарим гишүүд намаасаа гарч нам байгуулах ажилдаа идэвхтэй орсон талаар баттай эх сурвалжууд хэлж буй. Шинэ нам дотор МоАН санаачилгынхны нэрс дуулдахаас гадна УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын нэр ч дуулдана лээ.
АН, МАН гэх хоёр том улс төрийн хүчин Монголын улс төрд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэд намуудад итгэх итгэх суларч байгаа нь намуудын явуулж байгаа бодлого, үйл явцад тавьж буй дүгнэлт. Ингэж бодвол Монголд шинэ нам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ нэг хүний удирдлагатай, гуравдагч хүчнийг сонгогчид л лав хүлээн авахгүй биз.
Ямартай ч АН-ын хэсэг бүлэг гишүүд намаасаа гарч, шинэ байгуулах яриаг олон нийтийн анхаарлын төв рүү шидэх санаа АН дотроос ч, МАН дотроос ч гарах болсон. Гэхдээ нам байгуулах гэдэг бол шинэ зүйл биш. Ялангуяа улс төрийн намууд сонгуульд ялагдал хүлээсний дараах улиг болсон үзэгдэл байсаар ирсэн. Гэхдээ энэ удаад АН-ын гишүүд жинхэнэ утгаараа нам байгуулж гэмээн Монголын улстөрийн түүхэнд шинэ хуудас нээхийг ч үгүйсгэмгүй.
Холбоотой мэдээ