Төрийн ажил ундуй сундуй боллоо. УИХ-ын байнгын хороод нь удирдлагагүй, Засгийн газар нь Сангийн сайдгүй, УИХ дахь олонхийн бүлэг нь улсын төсвөө барьцаалдаг үзэгдэл төрд хэвийн зүйл болов. МАН засаглаж чадахаа больжээ. Эрх барих үедээ ийм арчаагүй байдалд орсныг нь санахгүй юм. Зодоонтой, цохионтой байсан ч улсын эрх ашгийг тэргүүнд тавиад ажлаа урагшлуулж ирсэн.
Гэтэл одоо байр байдлыг нь хараарай. Эрх баригч хүчний үүргээ умартаад сөрөг хүчний дүрд тоглоцгоож байна. Хэзээ байтлаа эрх баригч хүчний гишүүд нь байнгын хорооны хуралдаанаа ирцээр “бойкотолж”, ажил саатуулж суусан юм бэ. Яасан мартаж болдоггүй хонзон, яасан сургамж авдаггүй улс төр вэ?.
Хавраар эхэлсэн улс төр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ялагдуулж, Засгийн газраа унагасан байтал одоо дахиад юу хүссэн юм.
Хэзээ байтлаа УИХ нь өдийд улсын нэгдсэн төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг ч хийж эхлээгүй сууж байсан юм бэ?.
Хуульд зааснаар УИХ 2018 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Гэтэл ажлын аравхан хоног хүлээж байна. Энэ хугацаанд бүхэл бүтэн улсын төсвийн хуулийг хэлэлцэж амжих уу. Оромдоглоно л гэсэн үг шүү дээ. Хэрэв УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хуулиар завсарлага авах юм бол хэлэлцэх хугацаа бараг байхгүй болно гэсэн үг.
Өмнө нь бүтэн нэг сар 15 хоног төсвийн хуулийг нухахад арай чүү хугацаандаа багтаан баталдаг байсан. Өдөр, шөнө дамнуулан хуралдсан түүх олон бий. Гэтэл одоо ажлын аравхан хоног хүлээж байхад байнгын хороогоо хуралдуулж чадахгүй сууж буй нь дэндүү арчаагүй үйлдэл биш гэж үү.
Улсын төсөв бол төрийн албанд ажилладаг 200 мянган хүн, тэтгэвэр авдаг 300 мянган хүний асуудал биш. Бүхэл бүтэн гурван сая иргэний амь, амьдрал. Монгол Улсын ирээдүй. Ирэх жил иргэдээ ажилтай, орлоготой байх эсэхийг шийдвэрлэхээс гадна бүтээн байгуулалтын ажлууд урагшлах эсэхийг шийддэг. Хөрөнгө оруулагчид ч мөн Монголд очих эсэхээ шийдэх нь бий.
Гэтэл УИХ нь ийм арчаагүй байхад хэн итгэж Монголд хөрөнгө оруулна гээд ирэх юм бэ. Улс төр нь бужигнаантай, бодлого нь тогтворгүй улсад хөрөнгөө үгүй хийж, эрсдэл үүрэх хөрөнгө оруулагч гэж байдаггүй юм. Засгийн газар нь хэчнээн сайхан зүйл амлаад ирэхгүй.
Монгол Улсад энэ оны есөн сарын байдлаар 800 гаруй сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар орж ирсний 500 сая ам.доллар нь Оюутолгойн хоёр дахь шатны төсөлтэй холбоотой байгаа. Өөрөөр хэлбэл, Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал үндсэндээ зогсонги байдалд орсон нь эндээс харагдана. Энэ бол эрх баригч хүчний “гавьяа”. Хаваржин, зусан, намаржин улстөржсөний хар гай. Одоо ч хэрүүлээ цэгцлээгүй байна.
Хэрэв Ж.Эрдэнэбатын Засгийн газар Олон улсын валютын сантай хөтөлбөр тохирч хэрэгжүүлжээгүй бол олон улсын зах зээлд бонд босгож чадахааргүй л байсан. Юу үнэн, энэ үнэн.
Одоо эрх баригчид 2016 оны сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалтаа ажил хэрэг болгож, ажлаа хийцгээ. Төрийн ажлыг намын даргын зодооноосоо салгаж тусад нь тавьцгаа.
Яаралтай Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ шийдээд төсвийн хэлэлцүүлгээ хийцгээ.
МАН гудамжиндаа байхдаа сүрлэг гэх үгийг битгий мартаарай. Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрхийг барихдаа төсвөө хэлэлцэж чадахгүй аравхан хоногтой тулж арчаагүйтээгүй. Гэсэн ч дотоод дахь тэмцлээсээ болж, сонгуульд ялагдан гудамжинд гарсан.
МАН-д ард түмэн ийм хариу барьж чадах л байх шүү. УИХ дахь 65-ын бүлэг ажлаа хийцгээ.
Г.ДАРЬ