Хойд Солонгосын “Ягаан хатагтай”

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хойд Солонгосын “Ягаан хатагтай”

Хойд Солонгосын “Ягаан хатагтай”

ХОЙД СОЛОНГОС гэх “нэршил” бүхий мэдээ, материал дэлхийн хэвлэлийн хуудсын чамгүй хувийг дангаар эзэлдэг. Бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн хаалттай орны цөмийн хөтөлбөр, хурцадмал байдалд хүрсэн АНУ ба Хойд Солонгосын харилцаа зэргээс үүдээд тэр.

Ердөө өчигдөрхөн л Японы хэвлэл Хойд Солонгосын цөмийн туршилт явуулж байсан газар доорх хонгил нурсны улмаас 200 гаруй хүн амиа алдсан тухай мэдээллийг цацав.

Өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгос ээлжит цөмийн туршилт явуулсан. Японд хүртэл чичиргээ мэдрэгдсэн гэх тэрхүү туршилтын уршгаар 200 хүний амь эрсэдсэн мэдээллийг нягталж, судалсны эцэст бараг хоёр сарын дараа Японы хэвлэл дэлгэн тавьжээ. Тус улсыг дэлхий нийт өнөөдөр хүний эрхийг хөсөр хаясан гэж  шүүмжилж байна.

2017 оны есдүгээр сарын 3-ны ням гаригт Хойд Солонгосын төрийн төв телевизийн эфирт “ягаан хатагтай” дахин заларч, БНАСАУ-ын дэглэм зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа амжилттай явуулсныг бахархалтайгаар, итгэл төгс зарлан тунхагласан юм.

“Устөрөгчийн бөмбөг суурилуулсан тив хоорондын тусгалтай баллистик пуужингийн туршилт төгс амжилттай боллоо” гэх Ри Чун-хигийн дуу хоолой аянга ниргэх мэт хүчтэй байсан гэх.

Ри Чун-хи бол Хойд Солонгосын хамгийн алдартай телевизийн нэвтрүүлэгч. Түүнийг “Хойд Солонгосын дуу хоолой”, бас “Ард түмний нэвтрүүлэгч” ч гэдэг. Өдгөө 74 настай тэрбээр бараг хагас зууны туршид умардын удирдагчдын дэлхий нийтэд хүргэх гэсэн үг, үйлдлийг дотоод, гадаадад дамжуулж ирсэн дуу хоолой нь юм. Телевизийн эфирээр гарахдаа үргэлжид удвал цэцгийн ягаан өнгөтэй чосонот /солонгос үндэсний хувцас, Өмнөд Солонгост ханбок гэж нэрлэдэг/ өмссөн байдаг тул “Ягаан хатагтай” гэх нэртэй болжээ.

Ри бусдыг эрхгүй байлдан дагуулмаар хүчирхэг, баялаг хоолойтой гэгддэг. Хойд Солонгосын ард түмэн түүнийг гарч ирэхэд дэлгэц дүүрээд л ирдэг гэлцдэг тухай умардын дүрвэгчийн яриа байдаг.

Ри Чун-хигийн ажил, амьдралын талаар нарийн ширийн мэдээлэл бараг үгүй. Тэрбээр 1943 онд зүүн өмнөд бүс нутгийн ядуу тариачны гэр бүлд төрсөн, Пхеньянд театрын урлагийн сургуульд суралцсан, жүжигчин мэргэжилтэй. Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ир Сен түүний дуу хоолойг олж сонсоод телевизийн нэвтрүүлэгч болгон бэлтгэсэн гэж “Ройтерс” агентлагийн мэдээлэлд дурджээ.

Ри 1971 онд төрийн төв телевизэд ажиллах болжээ. Тэр үед телевиз дөнгөж л хэлбэр дүрсээ олж эхэлж байсан аж. 1980-аад он болоход Ри Чун-хи төв телевизийнхээ нүүр царай нь болж, цаг агаар, дотоодын үйл явдлын мэдээнээс эхлээд төр, засгийн тэргүүн нарын ухуулга суртлын мэдээллийг ч уншиж, танилцуулдаг болжээ.

Өмнөд Солонгосын тухай ярихдаа тэр уурсан, бухимдаж, өс санасан мэт, гэтэл Хойд Солонгосын удирдагчийн мэдээг уншихдаа дууны өнгө нь эрс зөөлөрч, намжуухан боловч хүчирхэг болдог гэнэ.

Тэрбээр 2012 онд тэтгэвэртээ гарч, залгамж хойчоо бэлтгэх ажилд оролцох болсон. Гэхдээ Хойд Солонгосын онцгой мессежийг, онц үйл явдлыг зарлан тунхаглахаар хэд хэдэн удаагийн онцгой тохиолдлоор дахин цэнхэр дэлгэцээр гарсан юм. БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, аугаа удирдагч Ким Ир Сен 1994 онд таалал төгссөний дараа Ри хатагтай улс орон даяар тэр тухай мэдээлэв. 2011 онд Ким Чен Ир нас барсан гашуун мэдээллийг ард түмэндээ дуулгах үүргийг мөн л тэр хүлээжээ.

Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонинд мэдээлснээр Ри өдгөө нийслэл Пхеньян хотын чинээлэг дүүрэгт нөхөр, хүүхдүүд, ач, зээ нарын хамт амьдардаг.

Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, гавьяаныхаа амралтад гарахын өмнө Ри Чун-хи Хятадын төв телевизэд ярилцлага өгсөн байдаг. Хэдий телевизийн эфирт гарахаа больсон ч хөшигний цаана үргэлж хамт байж, залгамж хойч үеэ бэлтгэх ажилд ханцуй шамлан орох тухайгаа тэр хэлжээ. “Одоогийн нэвтрүүлэгч нар залуу, хөөрхөн, телевизийн эфирээр үзэгчидтэй уулзахад илүү тохиромжтой” гэж ярьжээ.

Гэхдээ нас ахихын хэрээр царай зүс гундсан ч тэр Хойд Солонгосын хүчирхэг дуу хоолой хэвээр байгааг Ким Чен Ун төрийн дээд төвшний чухал мэдэгдлийг зөвхөн түүнд даатгасан үйл явдал гэрчилнэ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж