-Хэрэв Дональд Трамп сонгуулийн үеэр Москвагаас дэмжлэг авсан нь нотлогдвол эх орноосоо урвасан хэрэгт унаж, албан тушаалаасаа огцорно-
Тэрбумтан, бизнесмен Дональд Трамп өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Нэгдсэн улсын 45 дахь төрийн тэргүүнээр сонгогдсон. Тэрбээр Ардчилсан намын хүчтэй өрсөлдөгч, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг сонгуульд ялсан боловч ард түмний бүрэн дэмжлэгийг авч чадалгүй өдийг хүрлээ. Дональд Трампыг эсэргүүцэгчид түүнийг тангараг өргөж амжаагүй байхад л жагсаал цуглаан хийж сүр дуулиан тарьж байв. Үүнтэй зэрэгцээд Дональд Трамп сонгуулийн кампанит ажилд Москватай хамтран ажилласан гэх шум тарсан юм. Улмаар Цагаан ордны сонгуульд ОХУ-ын хөндлөнгийн оролцоог шалгах ажиллагаа эхэлжээ. Дональд Трамп болон Кремлийн зүгээс сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хардлагыг эрс няцааж байв. Гэвч шалгалтын явцад Холбооны мөрдөх товчоо Дональд Трампын кампанит ажилд оролцсон гурван хүний мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн хэргийг илрүүлж, ОХУ-ын албаныхантай холбогдсон гэдгийг тогтоожээ.
Тодруулбал, Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөхөөр ажилласан Пол Манафортыг олон сая долларын татвараас зайлсхийсэнд буруутган, хэрэг үүсгэжээ. Түүнийг бизнесийн хамтрагч Рик Гэйтстэй хамтран татвараас зайлсхийж, мөнгө угаасан, газрын тосны компаниудаас авсан мөнгөө нуух зорилгоор тансаг авто машин, үл хөдлөх хөрөнгө, эртний эдлэл худалдан авсан зэрэг 12 хэрэгт буруутгажээ. 68 настай Манафорт 1976 оноос хойш хэд хэдэн удаа Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн улс төрчдийн кампанит ажилд гар бие оролцсон туршлагатай. Гэвч тэрбээр Украин дахь Оросын талыг баримтлагч бүлгүүдтэй бизнесийн холбоотой нь ил болоход Трампын багийг орхижээ. Манафортыг 18 сая гаруй ам.долларыг Кипр, Гренад зэрэг олон улсаар дамжуулан мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна. АНУ-д энэ төрлийн гэмт хэрэгт 20 жил шоронд хорих хүртэл хэмжээний ял шийтгэл оноодог. Гэхдээ эл хоёр эрхэм энэ бүх хэрэгт буруугүй гэж шүүхээс тогтоожээ.
Харин Трампын өөр нэг зөвлөх Жорж Пападодолус (гадаад бодлого хариуцсан зөвлөх) ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОХУ-тай холбоо тогтоож байгаагүй хэмээн Холбооны мөрдөх товчоонд худлаа мэдүүлэг өгсөн нь илэрчээ. Түүнийг ОХУ-д олон удаа айлчилж, уулзалт хийсэн гэж кампанит ажилд нь тусалсан Сэм Кловис мэдэгджээ. Тэр ч бүү хэл Оросын тагнуулын агентлаг 2016 оны дөрөвдүгээр сард Жорж Пападополусын цахим хаяг руу олон мянган е-мэйл илгээснийг илрүүлжээ. Эдгээр нь голдуу Трампын гол өрсөлдөгч Хиллари Клинтонтой холбоотой бохир мэдээлэл санал болгосон агуулгатай байв. Мөн Оросын тал болон Трампын зөвлөхүүд өнгөрсөн оны долдугаар сард Трамп цамхагт уулзаж, нэр дэвшигчид туслах санал тавихад зөвлөхүүд нь хүлээн авсан баримтууд байгаа аж.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн Москвагийн оролдлого зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй гэнэ. Тухайлбал, сонгуулийн үеэр олон нийтийн сүлжээ “Facebook” хуудсанд АНУ-ын талаарх Орос контентын тоо 126 сая хол давжээ. “Facebook” компанийн үзэж буйгаар оросуудын нээсэн 120 хуурамч аккаунтаар 80 мянга гаруй пост цацсан нь 29 сая америк хүнд хүрсэн гэнэ.
Хэрэв Дональд Трамп сонгуулийн үеэр Москвагаас дэмжлэг авсан нь нотлогдвол эх орноосоо урвасан хэрэгт унаж, албан тушаалаасаа огцорно. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон бусад төрд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг эх орноосоо урван тэрслэх, хээл хахууль болон бусад томоохон гэмт үйлдлүүдэд холбогдсоных нь төлөө “импечмент” явуулж, шийтгэл ногдуулах заалттай. АНУ-ын түүхэнд ховор тохиолдох “импечмент” буюу албан тушаалаас нь огцруулах хэргээр шүүхэд дуудах үйл явц үүсч болзошгүй байна. Америкийн Үндсэн хуулийн 25 дугаар нэмэлт өөрчлөлт нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах тухай байдаг. Гэхдээ АНУ-д уг заалтын дагуу ямар нэгэн шийдвэр гарч байсан удаагүй. 1963 онд болсон Ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагын дараа 1967 онд Үндсэн хуульд 25 дахь нэмэлт өөрчлөлтийг оруулжээ.