"Өвөл ханиад хүрэхгүй, санхүүд ч хэмнэлттэй"

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

"Өвөл ханиад хүрэхгүй, санхүүд ч хэмнэлттэй"

"Өвөл ханиад хүрэхгүй, санхүүд ч хэмнэлттэй"

Улаанбаатар саарал өдрүүд эргэн ирлээ. Утааны улирал эхэлсэн нь ханиад томууны дэгдэлтийг эрс нэмэгдүүлжээ. Тиймээс ханиад томууны эсрэг вакцин хийлгэхээр ХӨСҮТ/Халдварт өвчин судлалын үндэсний төв/-ийг зорих хүмүүс ихэссэн байна. Бусад эмнэлгүүдийг бодвол үнэ нь харьцангуй хямд учраас тус төвд вакцин хийлгэхээр ирснээ иргэн н.Цэрэнхүү ярилаа. Тэрбээр хөдөө барилга дээр ажилладаг учраас вакцин хийлгэхээр шийдсэн гэнэ.

Өглөө эртлэн ХӨСҮТ дээр очвол ажлын цаг дөнгөж эхэлж байгаа хэдий ч хөл хөдөлгөөн ихтэй байв.  Тус төвийн нэг давхрын амбулаторийн тасгийн хаалган дээр томуугийн вакцины хэрэглэх заавар, агаарын бохирдлын индекс өндөртэй газарт байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн нэрсийг  наачихсан байлаа. Томуугийн шинж тэмдгийн талаарх танилцуулах хуудас зөвлөмжийг мөн наажээ. 

ХӨСҮТ-өөс жил бүрийн тав, аравдугаар  сард ‘Дархлаажуулалтын 10 хоног’ аян өрнүүлдэг.  Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоног аравдугаар сарын 16-ны өдрөөс  эхлэн ‘Томуугаас сэргийлье’  уриан дор явагдаж байна. Энэ үеэр 7,15 настай хүүхдүүдэд сахуу татран, тав хүртэлх настай хүүхдүүдэд А витаминыг уулгах ажлуудыг хийсэн байна.

‘Дархлаажуулалтын кабинет  өдөрт  1000 гаруй хүмүүст  үйлчилж байна. Хүмүүс нэг үеэ бодвол эрүүл мэнддээ их анхаардаг болсон’ гэж ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа ярив. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Томуугийн вакциныг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоёр, гуравдугаар сард  халуун орны бүс, хүйтэн орны бүс нутагт өнгөрсөн жил тухайн улс оронд  ямар вирус  тархсныг мэдэхийн тулд  вирус тандалтын судалгаа хийдэг. Лабораторийн тандалт хийсний үр дүнд тухайн вакцины найрлагыг тогтоодог. Үүний дараа  улс бүрийн хүн амд тохирсон вакциныг зөвлөмж болгон гаргана. Вакцин үйлдвэрлэгч орнуудаас авах вакцины тунг захиалж авчирснаар дархлаажуулалт  эхэлдэг. Хүн амын дунд томуугийн вирус  тархаагүй байх үед  вакцин хийх нь илүү  тохиромжтой. Ерөнхийдөө арав, арваннэгдүгээр сард томуугийн улирал эхэлж байна гэж үздэг учраас энэ үед хийлгэхийг зөвлөе.

– Сайн дурын  дархлаажуулалтын кабинетын ачаалал хэр байна ?

Хүмүүсийг хүлээлгэж ачаалал үүсгэхгүйн тулд дархлаажуулалтын кабинетын тоог нэмж,  ажлын цагыг 08:30-14:00 байсныг уртасгаад 08:30-17:00  цаг хүртэл ажиллаж байна. Зарим тохиолдолд амралтын өдөр  хүртэл ажиллаж байгаа гэв.

ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн 114, 117, 110 дугаар өрөөнүүдэд  дархлаажуулалтын вакцин хийж байв. Гэхдээ иргэд гурван өрөөнд дархлаажуулалтын вакцин хийж байгааг мэдээгүй бололтой, 110 тоотын үүдний дугаарлал нь бага байсан бол 117 тоот тарих өрөөний үүдэнд  нэлээн урт дараалал үүссэн харагдана. Ирж байгаа хүмүүс насны  хувьд янз бүр, тэр тусмаа  хүүхдээ дагуулсан эцэг эх нар илүү олон байв. Тарих өрөөнд вакцинатор  сувилагч, бүртгэл хийх сувилагч, зохион байгуулах нэг сувилагч тус тус ажиллаж байлаа.

“Миний хүү зоригтой юм чинь битгий уйлаарай’ хэмээн хүүгээ тэвэрсэн ээж тайвшруулна. Түүнийг Б.Бүжинлхам гэдэг. Тэрбээр өнгөрсөн жил хүүгээ дархлаажуулалтын вакцинд хамруулж байсан гэнэ. ‘ХӨСҮТ-д хүүгээ өдийд дархлаажуулалтад хамруулсан, ханиад барагтай хүрээгүй. Би жирэмсэн байхдаа ч дархлаажуулалт хийлгэсэн. Улирлын томууны вакцинд хамрагдсанаар ханиад хүрэх нь бага байдаг’ тухайгаа хэллээ.

Баянзүрх дүүргийн иргэн Н.Ренцэндорж гурван жилийн турш дархлаажуулалтад хамрагдаж байгаа гэнэ. Дархлаажуулалтын вакцины сөрөг нөлөө байна уу гэж асуухад үгүй хэмээн хариулсан. “Дархлаажуулалтын вакцин төлбөрийн хувьд хоёр гурван жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй хэвээр байна. 10,000 төгрөгөөр вакцинаа хийлгэчихнэ, өвөл ханиад хүрэхгүй амар, санхүү тал дээр ч хэмнэлттэй. Өвөл ханиад хүрсэн үед 10,000 төгрөгөөс илүү мөнгийг эм тариа зэрэгт үрдэг шүү дээ” гэсээр Н.Ренцэндорж гуай вакцин хийлгүүлэхээр орлоо.

Томуугийн вакциныг зургаан сартайгаас дээш бүх насны хүмүүс хийлгэх боломжтой. Энэ жилийн улирлын дархлаажуулалтын вакцины онцлог нь эрсдэлт бүлэг рүү илүү чиглэжээ. Тухайлбал, эхний ээлжинд 21 аймгийн есөн дүүргийн жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс болон эрсдэлт бүлгийн хүмүүст  улирлын томуугийн эсрэг вакциныг үнэгүй хийж байна. Мөн агаарын бохирдлын индекс өндөртэй бүсэд байрладаг нийслэлийн долоон дүүргийн нийтдээ 42 цэцэрлэгийн хүүхдүүдийг 24000 хүн тун вакцинаар дархлаажуулж эхлэжээ. Өнгөрсөн жил 82 цэцэрлэгт  дархлаажуулалт хийсэн байна.

Хувийн эмнэлгүүд ашгийн байгууллага болохоор  вакцины төлбөр нь илүү өндөр байгаа болов уу гэж бодож байна. Жишээ дурдвал Интермед’ эмнэлэг 45 мянган төгрөг, “Улаанбаатар Сонгдо” 33000 төгрөг, ”Баянгол эмнэлэг”  эмчийн үзлэг нь ороод  нийт 35000 төгрөгөөр вакцин хийж байгаа бол “СОС Медика Монголиа’ эмнэлэг нь 75000 төгрөгөөр тус тус дархлаажуулалт  хийж байна. Улирлын томуугийн вакцин хийлгэснээр томуу төст өвчин туссан тохиолдолд хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой аж.

Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийгдэх сэргийлэх тарилгын вакцин,био бэлдмэлийн үнэ

 

 

 

Вакцин,био бэлдмэл

 

         Хэмжих нэгж

 

         Төлбөр/төг/

1

Сахуу татрангийн хоргүйсүүр

               1 хүн тун

         3000

2

В вируст гепатитын эсрэг вакцин

              1 хүн тун

         5000

3

А вируст гепатитын эсрэг вакцин

              1 хүн тун

        28110

4

Менингококкт халдварын эсрэг вакцин

             1 хүн тун

        5000

5

Томуугийн вакцин

             1 хүн тун

         10000

6

Улаанбурхан/улаанбурхан-гахайн хавдар-улаанууд/

             1 хүн тун

         10000

7

Энгийн Иммуноглобулин

            1 хүн тун

         10000

8

Тарваган тахлын вакцин

             1 хүн тун

          5000

9

Боомын вакцин

            1 хүн тун

         5000

10

Боомын инмуноглобулин

             1 хүн тун

        5000

11

Татрангийн ийлдэс

            1 хүн тун

         5000

 

Иргэн  өөрийн хүсэлтээр сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Мөн иргэдэд зөв  мэдээлэл өгөхийн тулд ХӨСҮТ  455388 утас ажиллуулж эхэлжээ.Тус утсаар холбогдож, өөрт хэрэгтэй  мэдээлэл авах боломжтой юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж