МУИС-ийн Эдийн засгийн танхимын профессор Ч.Хашчулуунтай уулзаж ярилцлаа.
-Эдийн засгийн профессор хүний хувьд Монголын эдийн засгийн бодит байдлын талаар улстөржилгүй ярилцмаар байна. Монголын хямрал тогтворжсон уу?
-Үгүй.
-Яагаад, эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарсан гэж Үндэсний статистикийн газраас мэдээлсэн шүү дээ?
-Хэдийгээр эхний хагас жилд эдийн засгийн өсөлт сайн гарсан ч гэлээ хямралын гол шалтгаан болсон төсвийн том алдагдал хэвээрээ байна. Дээрээс нь хуримтлагдсан асуудал их. Үүнийг эдийн засаг “Шок” гэж нэрлэдэг. Ажилгүйдэл ядуурал нэмэгдсэн, хүмүүсийн худалдан авах чадвар буурсан гэхчилэн Монголын эдийн засаг шокноосоо салаагүй байна л даа. Энэ нь Монголд бодлогын чанартай том өөрчлөлтүүд хийгдэхгүй байна гэсэн үг.
-Тэгвэл бодлогын чанартай ямар том өөрчлөлтийг хийх ёстой юм бэ?
–Эдийн засгийн өсөлтийн өндөр болгож байж Монголын эдийн засаг шокноосоо гарна. Үүний тулд гадаад харилцаа, худалдаагаа идэвхжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, татварын бааз сууриа нэмэгдүүлэх, татварын реформ хийх гээд бодлогын чанартай том ажлуудыг хийх ёстой л доо. Татварын реформ гэдэг нь зөвхөн НӨАТ-ыг буцаан олгох асуудал биш. Эсвэл татварын өршөөл үзүүлэх, Ил тод байдлын тухай хуулийг хэлэхгүй. Татварын реформ гэдэг нь бүхэлдээ Монгол Улсад татвар яаж авч байгаа юм бэ гэсэн зарчмаа эргэж харахыг хэлж байгаа юм.
-Төр татвар авах бодлогоо шинэчлэх ёстой гэж үү?
–Шулуухан хэлэхэд татвар авах бодлогоо өөрчлөх цаг болсон. Өнөөдөр цалин нэм гэж байгаа багш, эмч нарыг буруутгах аргагүй. Төсөв хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ татвар авч байгаа зарчмаа шударга болгохгүйгээр реформ хийх боломжгүй. Багш, эмч, төрийн байгууллагынхан, мөн хувийн байгууллагад ажиллаж цалин авдаг хүмүүсийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар гээд бүгдийг төлдөг. Гэтэл татвар төлдөггүй гурван том бүлэг Монголд байх жишээтэй.
-Малчид, наймаачид гэж үү?
-Тийм. Нэгдүгээрт, бүх төрлийн наймаачид. Өмнө нь бараагаа гахайгаар зөөдөг байсан л байх. Одоо бол асар их бүртгэлгүй, татвар төлдөггүй мөнгө тэнд эргэлдэж байна. Том, том лангуу захууд байна. Махны худалдаа байна. Гэтэл тэндээс улс татвар авч байгаа юм харагдахгүй байгаа. Татвар авъя гэсэн хүсэл зориг ч дутмаг байна. Зарчмын хувьд наймаачид татвар төлдөг л байх хэрэгтэй.
Хоёр дахь нь малчид. Мэдээж, малчдаас татвар авах нь хэцүү л дээ. Улс төрийн хүчин зүйлс нөлөөлдөг. Гол сонгогчид учраас улстөрчид малчдаас татвар авахыг хичээдэггүй. Хоёрт, бүх эрсдэлээ өөрсдөө үүрдэг бизнес. Гэхдээ хөдөөгийн нэг сумын мянгат малчны орлогыг харахад хотын ямар ч багш, эмч нараас хэд дахин баян, орлого ихтэй амьдардаг. Энэ бол бодит байдал. Тэгэхээр бүх малчдыг дотор нь орлогоор нь ангилаад дунджаас дээгүүр орлоготой малчдаас татвар авах ёстой. Ядаж мянгат малчид, морь уяачдаас татвар авах хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл Үндсэн хуулиар бэлчээр төрийн өмч гээд заачихсан. Төрийн өмчийг ашиглаад малчид орлого олж байна гэсэн үг л дээ. Төр орлогын албан татвар малчдаас авахад хэцүү байгаа юм бол ядаж малын эмчилгээний шимтгэл, малын хөлийн татвар авах хэрэгтэй. Төрөөс мал аж ахуйн салбарт маш их мөнгө зарцуулдаг. Тиймээс төрийнхөө ачааллыг багасгаад малчдаас авсан татвараар нь малыг нь эрүүлжүүлэх, орон нутгийг нь хөгжүүлэхэд зарцуулж болно шүү дээ. Малчдын хүүхдүүд сургуульд явдаг, малчид эмнэлэгт үзүүлдэг, малчид тэтгэвэр авдаг. Тэр мөнгө татвар төлөгчдөөс гардаг. Хурдан морины наймаа байна. Ямар ч татваргүй. Асар том мөнгөн дүнтэй, энэ наймаанаас бас татвар авдаг болох л хэрэгтэй.
-Татвар төлдөггүй нөгөө том бүлэг нь хэн бэ?
-Газрын наймаа. Газрын наймаанаас нэг мөнгө татварт орж ирэхгүй байна. Газар эргэлтэд ороод 12 жил болж байна. Гэтэл газрын үнэлгээ нь огт өөрчлөгдөөгүй. 1997 оны үнэлгээгээр газрыг үнэлэх ёсгүй л дээ. Газрыг ямар ч үнэгүй шахам аваад дараагийн хүндээ өндөр үнэтэй зардаг. Жирийн татвар төлөгчдийн хувьд харахад татварын бодлого шударга байна уу гэхээр үгүй болчихож байгаа юм. Үүнийг аль нэг нам, улстөрч бие даагаад хийхээр асар том эсэргүүцэлтэй тулгарах байх л даа. Гэхдээ, бид зориглоод орлого сайтай энэ бүлгүүдээс татвар авахгүй бол эдийн засаг дахь хуримтлагдсан шокноосоо гарч чадахгүй л гэсэн үг. Тиймээс ОУВС зэрэг олон улсын байгууллагын шахалт дэмжлэгтэйгээр л хийгдэх ажил.
-Шинэ засаг эдийн засгийн реформ хийж чадах уу. Эхнээсээ л хэл ам, шүүмжлэлд өртөх боллоо?
-Харин ч ханатай, салбараа мэддэг, туршлагатай сайдуудаас шинэ засаг бүрдлээ гэж харж байна. Сайн эдийн засагч, сайн дипломатч шинэ засгийн танхимд ажиллаж байна л даа. Ер нь бол ОУВС-гийн шахалтаар татварын реформыг цаг алдалгүй хийх нь зөв өө. Хамгийн зөв юмандаа хэцүү, хатуу шийдвэрийг гаргаж байж үр дүн нь гардаг.
-Сайн эцгийн нэрийг гурав худалдаж ид ээ гэж үү?
–Эдийн засгийг эрүүлжүүлэх хамгийн гол бодлого нь татварын реформ байдаг юм л даа. Тиймээс Монголын улстөрчид ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд татварын бодлого, зарчмаа өөрчлөх шийдвэр гаргахад илүү амар байх болно. Мэдээж, том өөрчлөлтийг богино хугацаанд хийхэд хэцүү. Улс төрийн саад бэрхшээл гарч ирэх байх. Гэхдээ энэ чиглэлээр юу ч хийхгүй сууснаас хөдөлж эхлэх нь зөв байх. Ингэхгүйгээр улсын төсвийн зарцуулалтыг сайжруулахад хэцүү болчихож байгаа юм. Татварын баазыг нэмэгдүүлэх боломж, нөөц нь хангалттай мянгат малчид, уяачид,наймаачдаас татвар авч чадахгүй мөртлөө татвараа шударгаар төлж ирсэн хүмүүсийн татварыг нэмэхээр тэдний хувьд дарамт, шахалт өсөөд байгаа юм л даа. Түүнээс болж нийгмийн бухимдал гардаг.
-ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдаад хагас жил болох гэж байна. Ер нь эдийн засгийн бодлогоо гадаадынханд өгөх нь зөв, буруу гэсэн шүүмжлэл дагалддаг. Таны хувьд ОУВС-гийн хөтөлбөрт орох нь зөв байсан уу?
-ОУВС-тай хийдэг хэлэлцээр тийм ч амархан байдаггүй. Хямралыг давахын тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах яриа, хэлэлцээ бүр 2015 онд эхэлсэн. Ч.Сайханбилэгийн засгийн үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэсэн шийдвэр нь гарч байсан. Томоохон гэрээ хэлцэл байгуулах нь сонгуулийн дараа л хийгддэг.
Аль нам ялахаас хамаарахгүйгээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ОУВС-гийн хөтөлбөрт Монголын Засгийн газар орох нь тодорхой байсан л даа. Аливаа асуудлыг хэт улстөржүүлэхгүй байх нь эдийн засагт маш хэрэгтэй байна. Сүүлийн хоёр, гурван жил төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн. Тиймээс төсвийг сайжруулахын тулд олон улсын байгууллагаас хамгийн тохиромжтой түнш нь ОУВС. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаараа хөрөнгө оруулагчдыг тайвшруулж байгаа. Монголын эдийн засаг дунд хугацаандаа сайжирна гэсэн эерэг хүлээлт үүсгэчихэж байгаа хэрэг л дээ.
Нэг ёсондоо гадаад зах зээлд Монгол найдвартай түнш гэсэн сигнал өгч байна гэсэн үг. Хоёрт, ОУВС манай төсөвт реформ хийхээр болсон. Арилжааны банкуудад бас реформ хийж байна. Үр дүн нь эерэг гарна гэсэн хүлээлт надад бол байгаа. Монголын төсөв улс төрийн тоглоом болсон. Мэдээж, аль нэг нам засгийн эрхийг авахдаа төсвөөр дамжуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Гэхдээ төсвийн зарцуулалт хэр оновчтой байна, хяналтыг хэн тавих вэ гэсэн асуудал байнга л гарч ирдэг л дээ. Тэгэхээр ОУВС-гийн шахалтаар төсвийн реформ хийгээд авна гэдэг эдийн засагт хуримтлагдсан нэг асуудлаа шийдээд авчихаж байгаа юм.
-Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон. Бонд гаргаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас илүү гадаад зах зээлээс зээл тусламж авах бодлого барьж байна. Сайн нь юу вэ, муу нь юу вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчийн мөнгөөр төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа эрсдлийг нь хөрөнгө оруулагчид зуун хувь үүрч байна гэсэн үг. Харин улс өөрөө мөнгө зээлээд төсөл хэрэгжүүлж байгаа бол бүх эрсдэл нь улс дээр бууна. Хүүг нь төлөхөөс эхлээд мөнгөө яаж хугацаандаа төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Эдийн засгийн ач холбогдолтой том, том төслүүдийг болж өгвөл эрсдэлийг нь хувийн хэвшлийнхэнд өгөөд хөрөнгө оруулалтыг нь шийдэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сайн тал нь зардал бага, бүтээн байгуулалт нь богино хугацаанд шуурхай хийгддэг. Улсын байгууллага хариуцвал шийдвэр гарах нь удаан, хэрэгжилт нь бүр удаан. Зардал нь өндөр, ямар нэгэн албан тушаалтын шийдвэрээс болж төсөл, хөтөлбөр бүтэлгүйтвэл хохирол нь татвар төлөгчдийн нуруун дээр буудаг. Харин нийгмийн шинжтэй том төслүүдийг улс өөрөө санхүүжүүлэх ёстой. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, гүүр барих ажлыг улс зээлээр болон бондын хөрөнгөөр барих нь зөв
-Харамсалтай нь, гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэнгүй?
-Гадаадын хөрөнгө оруулалт огт нэмэгдсэнгүй. 2009 онд Оюутолгойн төслийг хөдөлгөснөөс хойш шүү дээ. 2017 онд Тавантолгойн цахилгаан станц, Гацуурт гээд том төслүүдээ хөдөлгөнө гэсэн гэхдээ явц удаан байна. Ер нь ямар нэгэн шийдвэрийг хурдан гаргах нь чухал байдаг. Учир нь, шийдвэр удаашрах тусмаа хөрөнгө оруулагчдад тодорхой бус сөрөг хүлээлт үүсгэдэг талтай. Дэлхий дээр Монгол ганцаараа алттай, нүүрстэй, зэстэй орон биш шүү дээ. Монголд байдаг бүх ашигт малтмал бусад оронд байдаг. Тэгэхээр бид хэдий чинээ шийдвэрээ гаргах гэж удна, хөрөнгө оруулагчдын сонирхол өөр тийшээ хандана л гэж ойлгох хэрэгтэй.
-Оюутолгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэнгүй гэлээ. Гэтэл зарим хүн Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй гээд байгаа шүү дээ?
-Гэрээг өөрчилж болно л доо. Гэхдээ аливаа хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхдөө маш болгоомжтой хандах ёстой. Хөрөнгө оруулагчдын болон улсынхаа ашиг сонирхол аль алийг нь эн тэнцүү бодох ёстой. Дан ганц Монголд ашигтай төсөлд хэн хөрөнгө оруулах юм бэ. Хөрөнгө оруулагч гэдэг адилхан л бизнес хийж яваа хүмүүс. “Оюутолгой” өнөөдөр хамгийн том ажил олгогч, хамгийн том татвар төлөгч болсон. 2017 оны төсвийн төлөвлөгөөг харахад анх удаа татварын орлогоороо “Эрдэнэт”-ийг давсан байдлаар төсөвлөсөн байна лээ. Үйлдвэрлэл нь жигдрээд өнөөдөр 11 мянган хүн ажлын байртай болсон. Тэгэхлээр олон тийм компани хэрэгтэй байна.
-Эдийн засгийн гол хөшүүрэг бол төмөр зам. Гэвч, яг хаашаа төмөр зам эхэлж тавихаа мэдэхээ болилоо. Ер нь Орос руу төмөр зам тавьсан нь зөв үү, Хятад руу төмөр зам тавьсан нь дээр үү?
–Хаашаа бид худалдаа хийж байна, тийшээгээ замаа тавих нь зөв байх. Монгол Улсын экспорт, импортын дийлэнх хувийг Aзи хангадаг. Тиймээс зарчмын хувьд худалдааныхаа 90 хувийг хийж байгаа чиглэл руу зам тээврийн сүлжээгээ хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л нүүрс ачсан машины цуваа зуу гаруй километр үргэлжилж байна. Асар өндөр зардалтай машинаар нүүрсээ зөөнө гэдэг үр ашигтай арга биш. Орчин үеийн эдийн засагт гадаад харилцаагаа хөгжүүлэх, худалдаа хийхэд хамгийн бага зардал нь далайд гарцгүй орнуудын хувьд төмөр зам л байдаг.
Говийн төмөр зам бол хэцүү асуудал биш. Ерөнхийдөө 267 км төмөр замын л асуудал яригдаж байгаа. Тэрийг бол яавал яаж барьж болно. Нэг жишээ хэлэхэд, Сэлэнгэд хувийн хэвшлийнхэн 100 км төмөр зам барьсан. Зургаан сарын дотор барьсан. Уултай устай газар ийм богино хугацаанд төмөр зам барьж болж байхад говийнх бол харьцангуй гайгүй. Хувийн хэвшлийнхэн барих төмөр замыг улс өөрөө булааж аваад, өнөөдөр зам ч үгүй болчихсон.
-Тавантолгойн төсөл ч дагаад таг болчихлоо?
-Сүүлийн үед уул уурхайгаар баяжсан 30 гэр бүл гэсэн асуудал яригдаад байна.Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Зарчмын хувьд уул уурхайн компани ч, мянгат малчин ч адилхан байгалийн нөөцийг ашиглаж байгаа. Гэхдээ мянгат малчны малыг хураагаад тараая гэж ярьдаггүй шүү дээ.
Байгалийн нөөцийг ашиглахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Тэр хөрөнгө оруулалт нь гадаадын ч байж болно дотоодын ч байж болно. Хөрөнгө оруулагчид улсад төлөх ёстой татвараа төлөөд ашгаа хүртэж байгаа. Ашиг хүртэхгүй байгаа нь ч бий. Жишээлбэл, 2014, 2015 онд уул уурхайн олон компани алдагдалтай ажилласан. Алдагдалтай ажилласан компаниудын алдагдлыг хуваая гэж төр ярихгүй л байгаа биш дээ. Ашгийг нь хувааж л авна гээд байгаа болохоос.
-Цөөн хэдэн гэр бүл баяжаад байна, баялгийн тэгш хуваарилалт байх ёстой гээд байгаа шүү дээ?
-Хөрөнгө оруулсан хүн ашгаа хүртэх нь зарчмын асуудал. Харин бусад хүн яаж хүртэх вэ гэвэл нөгөө л татварын бодлого яригдана. Татварын бодлого дээр уул уурхайнхан нөөц ашигласны төлбөр төлдөг. 2017 оны төсвийг харахад уул уурхайн орлого улсын төсвийн 20 хувийг дангаараа бүрдүүлж байгаа.
-За, баярлалаа.