ОУВС: Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

ОУВС: Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байна

ОУВС: Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байна

Олон улсын валютын сангийн баг Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байна гэх дүгнэлтийг гаргажээ. Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувь, ирэх онд 4.2 хувь хүрэхийг Олон улсын валютын сан таамаглав. ОУВС-ын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол улсад зорилгодоо хүрч хэрэгжиж байгааг Улаанбаатарт ажилласан баг дүгнэжээ. Ойрын хугацаанд ОУВС Монголын банкны салбарыг дэмжих, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах зэрэгт анхаарч ажиллах гэнэ.

ОУВС-ын багийн тэргүүлэгч Жёфф Готтлиеб хэлэхдээ Монголын эдийн засаг бидний төсөөлснөөс хурдан сэргэж байна. Үүнд, нүүрсний экспорт нэмэгдэж, үйлчилгээ сэргэсэн нь нөлөөлжээ. Гэхдээ ирэх онд нүүрсний зах зээл эрсдэлд учирч болзошгүй байгааг онцлов. Улсын төсвийн зарлагад хяналтаа сайжруулснаар мөнгөний бодлогын өнөөгийн тоон үзүүлэлтүүд эерэг гарчээ.

Монголын албаныхан хөтөлбөрийн хүрээнд ОУВС-ын багтай эхний болон хоёр дахь шалгалт явуулахаар зөвшилцөлд хүрсэн. Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол улс ОУВС-аас 440 сая ам.доллар, Япон, Өмнөд Солонгос зэрэг донор орнуудаас 5.5 тэрбум ам.долларын зээл тусламж авна.

Жёфф Готтлиебын тэргүүлсэн ОУВС-ын баг өнгөрсөн аравдугаар сарын 18-30-ны хооронд хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилт үйл явцтай танилцаж, цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр Монголд ажиллажээ.

Эх сурвалж: Синьхуа

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж