Шатахууны онцгой албан татвар нэмэх хугацааг хойшлуулах уу

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Шатахууны онцгой албан татвар нэмэх хугацааг хойшлуулах уу

Шатахууны онцгой албан татвар нэмэх хугацааг хойшлуулах уу

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны онцгой албан татварыг нэмэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулах санал гаргажээ. Тус яамнаас шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, нэмэхгүй байх бодлого баримталж байгаа бөгөөд Сангийн яам болон ОУВС-д дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон тоо хэмжээг бууруулах, хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах саналуудыг тавиад байгаа аж. ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийн хүрээнд тохиролцооны дагуу энэ оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг Засгийн газрын 2016 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан хэмжээнд хүргэх үүргийг хүлээсэн. Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн, улирлын нөхцөлөөс хамааран зуны түлшнээс өвлийн дизель түлшинд шилжих шаардлагатай холбоотойгоор Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2017 оны аравдугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаас Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар сэргээх хугацааг түр хойшлуулах, хангамж, үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах талаарх Зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Дээрх зөвлөмжийн хүрээнд Сангийн яам нь ОУВС-д нөхцөл байдлыг уламжлан шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр урьд тохиролцсон хэмжээнээс бууруулах, хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулахаар холбогдох хэлэлцээрийг хийж байгаа юм байна.

Монгол Улс аравдугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний шатахууны 42 хоногийн нөөцтэй байна. үүнээс А-80 автобензин 67, АИ-92 автобензин 58, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлж 21 хоногийн нөөцтэй байна.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд улсын төсвийн орлого нэмэгдүүлэх зорилгоор зарим татваруудыг нэмсэн. Түүний дотор шатахууны онцгой албан татварыг нэмэх шийдвэр гаргасан юм. Ингэхдээ шатахууны онцгой албан татвар нэмэхдээ 2017 оны долдугаар сарын 1, аравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх байсан ч Засгийн газрын тогтоол гарсны дараа буюу 2017 оны долдугаар сарын 18-аас хэрэгжихээр болсон билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж