Ирц бүрдэхгүйгээс 2018 оны төсөв гацаанд оров

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүйгээс 2018 оны төсөв гацаанд оров

Ирц бүрдэхгүйгээс 2018 оны төсөв гацаанд оров

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 12.00 цагт хурал зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас цуцлагдсан.

Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байв.  Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа нь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар өнөөг болтол санал нэгдэж чадаагүйтэй холбоотой аж.

Ийнхүү Байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж чадахгүй байгаагаас УИХ-аар хэлэлцэх ёстой Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг гацаанд ороод байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан нь Төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ гэж төлөвлөсөнтэй холбоотой аж. 

Хуульд зааснаар УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой юм байна. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сангийн сайдын томилгоонд хориг тавьсан. Тиймээс УИХ дахь 65-ын бүлэг дээрх асуудлаар яаралтай ойлголцолд хүрэхгүй бол 2018 оны төсвийн хэлэлцүүлэг гацаанаас гарахгүй болоод байна.

УИХ-ын хувьд арваннэгдүгээр сарын 15-нд багтаан Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн төслийг батлах ёстой юм. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж