Швейцарийн Женев хот дахь галт тэрэгний буудалд аав ээжээсээ төөрсөн долоон настай охин санамсаргүй нисэх буудал хүрдэг автобусанд сууж, нисэх буудлаас онгоцонд ямар ч тийзгүй нэвтэрсэн хэрэг гарчээ. Төөрсөн охины тухай мэдээлэл авсан цагдаагийн газар нисэх буудлын хамгаалалтын албатай холбогдож, видео камерын бичлэгүүдээс охины явсан замын маршрутыг гаргажээ.
Охин хэнд ч анзаарагдалгүй шалган нэвтрүүлэхээр гарч онгоцонд суужээ. Нисэх буудлын ажилтнууд түүнийг онгоцонд суух гэж байсан хүүхэдтэй хүмүүстэй хамт явж байгаа гэж ойлгосон уу, охиныг ганцаараа бас, тийзгүй зорчиж явааг анзаараагүй байна. Видео бичлэг дээр охин бөөн хүмүүстэй хамт онгоц руу явж орсон байжээ. Түүнийг онгоцонд суусны дараа л үйлчлэгч “туулай” болохыг нь анзаарч, саатуулан цагдаад хүргэж өгсөн байна.
Нисэх буудлын ажилтны мэдээлснээр охин Франц хүрэх онгоцонд суусан байсан гэнэ.
Женевийн нисэх буудал энэхүү харамсалтай хэргийн улмаас нисэх буудлын харуул хамгаалалт, хяналт шалгалтыг чангатгах, нислэгтэй холбоотой журмыг шинэчлэхээ мэдэгдэж, дахин ийм явдал гаргахгүй хэмээн амласан байна.
Н.Энхтуяа