Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоог хэлэлцэж, тус газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо.
Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга Б.Хурц ‘Эрдэнэт’ үйлдвэр, С.Зориг зэрэг дуулиант асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийсний хариуд Ц.Нямдорж ‘Б.Хурцыг солино’ гэж мэдэгдсэн.
Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан юм байна. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан.
ТЕГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй Б.Хурцаас Засгийн газрын томилгооны талаар байр суурийг нь тодруулахад ‘Д.Гэрэл бол ажлаа мэддэг сайн хүн’ гэсэн хариултыг өгсөн юм.