Австралийн бахархалт Улуру улаан хаданд уулчид, явган аялагч, жуулчдыг 2019 оны аравдугаар сараас эхлэн авирахыг хориглосныг орон нутгийн удирдлагууд мэдэгдсэн байна.
Улуру — Ката-Тьюта дархан цаазат газрын захиргаа уугуул иргэдийн шүтэж дээдэлдэг улаан хаданд авиралтыг зогсоох шийдвэрийг нэгэн дуугаар баталжээ. Австралийн хойд хэсэгт орших аварга элгэн улаан хадыг Австралийн уугуул иргэд ариун газар гэж итгэдэг. Сүүлийн хэдэн жилд мужийн оршин суугчид уугуул иргэдийн ариун шүтээн хад руу жуулчдыг авируулахгүй байхыг орон нутгийн захиргаанаас шаардах болсон юм. Дархан цаазат газрын дарга Сэмми Уилсон хэлэхдээ ‘Энэ бол уугуул иргэдийн төдийгүй орон нутгийн иргэдийн хувьд ариун догшин газар болохоос Диснейлэнд шиг хүүхдийн тоглоомын газар биш “ хэмээн ярьсан байна. Дархан цаазат газраас мэдээлснээр, 2011-2015 хооронд Австралид очсон жуулчдын 16 хувь нь Улуру хаданд авирчээ. 1950 оноос хойш Улуру хаданд авирсан жуулчдаас 35 хүн амиа алдсан юм. Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй Улуру хадыг 1985 онд өмнөх эзэмшигчдийнх нь мэдэлд шилжүүлэн өгчээ. Энэхүү түүхт явдлын 34 жилийн ойд 2019 оны аравдугаар сарын 26-наас эхлэн Улуру хаданд авиралтыг бүрмөсөн зогсоох юм байна. Улуру — Ката-Тьюта дархан цаазат газрын албан ёсны вэб сайтад бичсэнээр жилд 250,000 жуулчин Улуруг үзэхээр Австралид очдог ажээ.
Н.Энхтуяа