Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн хурал өнөөдөр /2017.11.01/ зохион байгууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцож, уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, 2017 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс 36,2 сая тонн нүүрс, 960 мянган тонн зэсийн баяжмал, 14,8 тонн алт, 4,2 мянган тонн молибдены баяжмал, 5,9 сая тонн төмрийн хүдэр, 2,7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 71,8 мянган тонн хайлуур жонш, 17 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 60,6 мянган тонн цайрын баяжмал, 104,2 тонн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Мөн улсад 1,1 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлж, өнгөрсөн жилээс 581,2 тэрбум буюу 117,6 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газар ‘Эрдэнэс Монгол’ компанийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр илүү анхаарч, үүн дотроо Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой компаниудын үр ашгийг ард түмэндээ илүү хүртээмжтэй болгох талаар ажиллаж байна. Бид ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжүүлнэ гэж уриалга гаргасан. Уриалгын дагуу өөрсдөөсөө хариуцлагыг эхлүүлж байна. хэдийгээр статистик тоо эерэг үзүүлэлт байгаа боловч сөрөг хүндрэлтэй зүйл гарч байна. Өөрөөр хэлбэл, салбар хоорондын уялдаа холбоо хүнд байгаа учраас бүтээн байгуулалттай салбарын уялдаа хамаарлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн экспортын тээвэрлэлт урт дараалал үүсгэж байгаатай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өөрсдийн байр сууриа өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, БНХАУ-ын талтай яаралтай ширээний хоёр талд суух шаардлага байгаа. Энэ асуудал онцгой анхаарч ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.
БНХАУ-ын талтай удахгүй хэлэлцээрийн ширээнд сууна
БНХАУ-ын талаас экспортын тээвэрлэлтийн нэвтрүүлэх чадварыг бууруулсантай холбогдуулан Гашуун сухайт боомтод урт дараалал үүсээд байгаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Засгийн газарт тодорхой асуудал тавьж ойрын хугацаанд БНХАУ-ын талтай хэлэлцээрийн ширээнд суухаар ажиллаж байгаа юм байна. 2017 оны аравдугаар сарын 31-ний байдлаар нүүрс тээвэрлэж буй автомашины цуваа 99 км-ийн урттай, 661 автомашин БНХАУ-ын талд нэвтэрчээ. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн тээвэрлэгч автомашин 281, үлдсэн 380 автомашин нь бусад аж ахуй нэгжийн тээвэрлэгчид байжээ. Цаашид автомашины тоог нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай ярилцаж, дунджаар өдөрт 1000 орчим автомашин нэвтрүүлэх асуудлыг тавихаар бэлтгэж байгаа юм байна. Мөн ирэх долоо хоногт Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтран өмнөд бүсийн чуулган уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр холбогдох сайд нарын хамт газар дээр нь танилцах, төмөр замын асуудал, авто зам зэрэг асуудлуудын хөрөнгө оруулалтыг хэрхэн зохицуулах, нүүрс олборлолтыг чанарын өндөр түвшинд нийцсэн бүтээгдэхүүн гаргах гэх мэт чухал асуудлыг чуулганаар хөндөхөөр төлөвлөжээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-‘Алт-2’ хөтөлбөр цаашид үргэлжлэх үү. Энэ асуудал олон нийтийн дунд маргаантай асуудал үүсгэж байгаа. Яам цаашид ямар бодлого барих вэ?
-Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ‘Алт-2’ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ. Ялангуяа бичил уурхай, гар аргаар алт олборлож байгаа хүмүүст хандсан эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдгийг дахин судлах, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. ‘Алт-2’ хөтөлбөртэй холбоотой иргэдээс маш олон шүүмжлэл ирж буй. Ялангуяа гар аргаар алт олборлож буй иргэдийн алтыг Монголбанк худалдаж авах эрх зүйн зохицуулалт байхгүй учраас Монголбанкны удирдлагатай яриад, түргэн шуурхай иргэдээс худалдаж авдаг болох асуудлыг ярилцаж байгаа. “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд явж байгаа томоохон аж ахуй нэгжүүд дампуурч, үйл ажиллагаа явуулахгүй байгаа газраа гар аргаар алт олборлогч нарт түрээслүүлж, алтны татвараас зайлсхийж байна. Энэ бол Эрүүгийн хариуцлага нөхцөл үүснэ. Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголбанктай хамтран улсын хууль дүрэм зөрчиж байгаа байдалтай хатуу тэмцэнэ.
-Зөвшөөрөлгүй алт олборлож буй аж ахуй нэгжид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Зөвшөөрөлгүй алт олборлож байгаа аж ахуй нэгжүүдийн лицензийг ажлын хэсэг гаргаж, газар дээр нь холбогдох хүмүүстэй хамтарч, шалгана. Шаардлагатай тохиолдолд лицензийг цуцлах арга хэмжээ авна.
-Геологи хайгуулын лицензийг түр хойшлуулах чиглэл өгсөн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
– Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар дээр тодорхой байдал үүссэн учраас түр хугацаагаар хойшлуулж, ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр бид дүрэм журмаа боловсруулж гаргахаар төлөвлөсөн байгаа. Геологийн эрэл хайгуул, ордуудыг нээж илрүүлэхтэй холбоотой асуудалд салбартаа мэргэшсэн, бодлого, хүний нөөц сайтай, санхүүгийн чадавх сайтай ААН-үүдтэй хамтран ажиллахад бэлэн. Ченжийн тогтолцооноос бид салах ёстой. Жишээ нь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой компаниудыг судлаад үзэхэд IT, эсвэл худалдааны компаниуд гээд чиглэлийн бус компаниуд маш олон лиценз авсан тохиолдол гарсан. Уул уурхайн салбар нь өөрөө зорьсон, чиглэсэн, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж оролцоосой гэж би боддог. Уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг, орон нутагт бодитой хөрөнгө оруулалт хийж, нийгмийн асуудлыг шийдэх чадвартай компаниуд ажиллаж ёстой гэж бодож байна.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгч тодорхой мэдээллийг үндэслэж хориг тавьсан байх. Хоригт бичсэнчлэн 30 гэр бүл олон лиценз эзэмшиж байгаа нь үнэн үү?
-Нэг талаасаа улс төр. Нөгөө талаас бодит байдлаар 30 гэр бүл тэр, энэ гэж би хэлж чадахгүй. Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж байгаа 30 гэр бүл ямар учиртайг би мэдэхгүй. Миний зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалтын ажлын хэсэг байгуулж, өнөөдрөөс ажлыг нь эхлүүлж байгаа. Ер нь хэдэн хүн ашиглалт, хайгуулын лиценз олгож байгаа эсэх нь тодорхой гараад ирэх байх.
-“Хармагтай орд”-той холбоотой олон нийтийн дунд янз бүрийн мэдээлэл байна. Энэ ордын талаар тодорхой мэдээлэл өгөөч
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт:
-“Хармагтай” орд нь зэс, алтны ордыг анх 1993 онд 100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн. 2002 онд “Айванхоу Майнз” компани өөрийн охин компани болох ‘Оюут Улаан’ ХХК-д шилжүүлсэн байдаг. 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр тухайн талбайн нөөц нь тогтоогдож А буюу ашиглалтын лицензтэй болсон. Ордын нөөцийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулснаар бол баттай, бодитой, боломжтой буюу ABC зэрэглэлээр 86 сая тонн хүдэр, үүнээс алтны нөөц нь 38,4 тонн, зэсийн нөөц нь 348 мянган тонн гэж бүртгэгдсэн байна. 2013 оноос хойш тухайн талбайд ашиглалтын үеийн нэмэлт хайгуулын ажил хийгдэж байгаа. Үүнийгээ ойрын хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулах байх. Энэ ордыг олон нийтийн зүгээс “Оюутолгой”-н нөөцөөс том, дэлхийн хэмжээний орд гэж яриад байна. Өнөөдрийн тогтоогдсон нөөцөөр “Хармагтайн” орд нь бодитой 86 сая тонн хүдэр, үүнээс алт 38,4 тонн, зэс 348 мянган тонн гэж бүртгэгдсэн. Саяхан тухайн компани хөрөнгийн бирж дээр өөрийн хайгуулын ажлын үр дүнг мэдээлсэн. Хайгуулын ажлын үр дүнгээр нөөц баялаг нь тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа.