Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо өнөөдөр /2017.11.1/ мэдээлэл хийлээ. Тэд өчигдөр болсон Хөдөлмөр, нийгмийн гурван талт улсын хэлэлцээрээр багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй гэв. Цалингаа нэмүүлэх багш нарын холбоонд нэгдсэн багш нар Засгийн газарт хандаж цалинг 50 хувиас дээш хэмжээгээр нэмэх шаардлага тавьж, шаардлага биелүүлэхгүй бол арваннэгдүгээр сарын 13-ны даваа гаригаас эхлэн хугацаагүй ажилд хаялт зарлахаа мэдэгдлээ.
Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Баярмөнх “Бид нар 2018 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс цалин хөлсийг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлагыг Засгийн газарт тавьсан. Гэтэл Засгийн газрын зүгээс бидний тавьсан шаардлагыг хангахуйц санал тавьсангүй. Монгол Улсын 2018 оны төсөвт тусгасан 56 орчим тэрбум төгрөг багш нарын нэг сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 50 орчим хувиар нэмэгдүүлж хүрэхгүй. Мөн Засгийн газрын төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох, цалингийн санг өсгөхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх талаар ярьж байгаа нь багш нарын цалин орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ болж чадахгүй. Бид ийм санал тавьсан Засгийн газартай эвлэрч чадахгүй” гэлээ.
Ажил хаях тэмцлийн арга хэмжээнд улсын хэмжээнд 70 мянга орчим багш буюу ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн багш нар нэгдсэн байна. Тэд хөдөлмөрийн хөлсөө 50 хувиас доошгүй хэмжээгээр нэмүүлэх, санхүүжилтийг 2018 оны Улсын төсөвт суулгахыг шаардаж, шаардлагыг биелүүлэх хүртэл тэмцлээ зогсоохгүй хэмээн мэдэгдсэн юм.
–Өчигдөр болсон гурван талт хэлэлцээрээр асуудал амжилттай шийдэгдлээ, багш нар ажил хаяхаа болилоо гэж мэдээлсэн. Гэтэл яагаад дахин ажил хаялт хийхээр болов ?
-Манай холбооны гишүүд Засгийн газраас тавьсан саналыг хүлээж авах боломжгүй санал байна гэж үзээд өчигдөр хэлэлцээрийг орхин гарсан. Хэлэлцээрийн дүнг нийт гишүүддээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг авсны үндсэн дэр хугацаагүй ажил хаялтыг зохион байгуулахаар шийдсэн.
Үйлдвэрчний эвлэл, багш нарын цалин нэмүүлэх түр хороо хороотой уулзаж байгаа юм уу ? Хоёр талд хоёр өөр зүйл яриад байх шиг байна ?
Манай үйлдвэрчний эвлэл бол албан ёсны эрхтэй байгууллага хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Харин багш нарын цалин нэмүүлэх түр хороо бол албан ёсны гишүүнчлэлтэй хуулийн этгээд биш. Хүмүүс биднийг хоорондоо тэрсэлдээд байна гэж бодоод байх шиг байна.Тийм зүйл байхгүй. Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны багш нар ихэнх нь манай холбооны гишүүд байдаг. Эдгээр гишүүд өөрсдөө үйлдвэрчний эвлэлээс гадуур ажил зохион байгуулаад байна. Энэ байдал нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байна.