Шинэ Зеландын шинэ ерөнхий сайд Жасинда Ардерн гадаадын иргэдэд тус улсаас үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглоно хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөргөдөж, Шинэ Зеландын иргэдийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орох боломжийг хааж байна гэж буруутгажээ. Жасинда Ардерн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ “Ирэх оны эхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орохыг бүрмөсөн хориглоно. Энэ бол Шинэ Зеландын ард иргэдийн байр орон сууц худалдан авахыг хүсэж буй хүмүүст туслах энгийн, шинэ шийдэл” гэжээ.
Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, жуулчид их очдог Шинэ Зеландын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээс үл хөдлөх хөрөнгийн үнэ асар их өсжээ. Энэ оны эхээр Шинэ Зеландын “Демографиа” судалгааны байгууллагаас явуулсан судалгааны дүнгээр тус улсын хамгийн том хот болох Окленд хот дэлхийн хамгийн өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дөрөвдүгээрт бичигдсэн байна.
Тус улсад үл хөдлөх хөрөнгийн ханш 10 хувиар өссөн байхад үл хөдлөх хөрөнгө эзэмшигч иргэдийн тоо буурсан үзүүлэлтийг төв банкны тоо баримт харуулжээ. Шинэ Зеландын иргэдийн 60 хувь нь амьдарч буй орон сууцаа эзэмшиж байгаа нь 1992 оны үзүүлэлтээс 75 хувиар буурсан тоо гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх гадаадын нийт хөрөнгө оруулалтын талаар тодорхой тоо баримт байхгүй ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гадаадын иргэдийн дийлэнх нь Хятадын иргэд байдаг гэнэ.