Испанийн дээд шүүх Каталон мужийн захирагч асан Карлес Пуждемонт болон Засгийн газрын бусад 13 гишүүнийг шүүхэд дуудсан байна. Шүүх мөн тэдэнд Испанийн Засгийн газарт учруулсан 6.2 сая еврогийн нөхөн төлбөрийг төлөхөд гурав хоногийн хугацаа өгчээ. Даваа гаригт Испанийн прокурор Каталоны захирагч Карлес Пуждемонт болон Засгийн газрын бусад гишүүдийг хууль бус санал хураалт явуулж, үймээн самуун дэгдээсэн хэмээн ял тулгасан юм. Испанийн өөртөө засах муж Каталоны захирагчид аравдугаар сарын 1-нд тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулснаас энэ бүхэн эхэлсэн. Карлес Пуждемонт болон түүний Засгийн газрын сайд нар одоо Бельгид байгаа боловч тус улсаас улс төрийн орогнол хүсээгүй гэж мэдэгдсэн.
Карлес Пуждемонт Каталоны тусгаар тогтнолын төлөө аравдугаар сард бүх нийтийн санал хураалт явуулсныг Мадридын эрх баригчид зүгээр хараад сууж чадаагүй бөгөөд Үндсэн хуулийн цэц санал хураалтыг нь хууль бус гэж үзсэн нь тус улсын түүхэнд байгаагүй улс төрийн хямралыг дэгдээсэн. Каталон бүх нийтийн санал хураалтын дүнд үндэслэн тусгаар тогтнолоо зарлаж амжаагүй байхад Испани Каталоны өөртөө засах эрхийг хүчингүй болгож, парламентыг нь тарааж, Засгийн газрыг нь огцруулсан. Испанийн хаан VI Филипп “Каталон бол Испанийн салшгүй нэг хэсэг” хэмээн мэдэгдсэн нь Испани улс хамгийн баян чинээлэг автономит мужийг зүгээр тавиад туучихаж чадахгүй гэдгийг баталсан билээ.
Испани Каталоныг тавихгүйн учир
Каталон бол 1000 шахам жилийн түүхтэй, Испанийн зүүн хойд хэсэг дэх өөртөө засах эрхтэй муж юм. 7.5 сая хүн амтай баян чинээлэг Каталон муж өөрийн хэл, парламент, далбаа бас сүлд дуулалтай. Тэр ч байтугай Каталон өөрийн гэсэн цагдаагийн газартай бөгөөд төрийн албаны тогтолцоотой.
Улс төрийн хямрал юунаас эхтэй вэ?
Олон жилийн өмнөөс Испанийн хамгийн чинээлэг Каталон муж энэ улсын орлого багатай ядуу мужуудыг тэтгэж иржээ. Каталан үндэстэн ч энэ талаар байнга гомдоллож ирсэн юм. Гэвч өөртөө засах мужийн орлого, татварыг Мадридаас хянаж ирсэн. Энэ шалтгааны улмаас Испаниас хэл соёлоор ялгаатай каталанчууд 2010 оноос мужийн өөртөө засах статусыг өөрчлөх тухай ярих болсон юм. Испанийн Үндсэн хуулийн цэцээс хууль бус гэж үзсэн Каталоны тусгаар тогтнолын төлөөх санал хураалтаар сонгогчдын 90 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн гэдэг. Гэвч 43 хувь нь Испаниас салан тусгаарлахыг эсэргүүцжээ. Каталонд бүх нийтийн санал хураалт явуулж байх зуур Испанийн эрх баригчид зүгээр суусангүй. Каталоны санал хураалтын байрууд руу Испанийн цагдаа нар хүчээр дайрч орж, санал хураалтыг зогсоохыг оролдсоны улмаас олон арван хүн гэмтэж бэртсэн. Каталоны парламент аравдугаар сарын 26-нд тусгаар тогтнолоо зарлахаар санал хурааж байх үеэр Мадрид Испанийн анхдугаар үндсэн хуульд заасны дагуу тус мужийн өөртөө засах эрхийг нь хүчингүй болгосон билээ.
Мадридын дараагийн алхам
Испанийн Засгийн газар Каталон мужийн захирагч Карлес Пуждемонтыг огцруулж, парламентыг нь тараан, тус мужид ээлжит бус сонгууль явуулахаа зарлав. Сонгуулийг арванхоёрдугаар сарын 21-д явуулах тов гарчээ.
Каталоны огцорсон захирагч Карлес Пуждемонт Мадридын шийдвэрийг эсэргүүцэж, дагахгүй хэмээн хатуу мэдэгдсэн юм.
Каталон тусгаар тогтнолоо зарлаж чадах уу?
Испанийн түүхэнд гарч байгаагүй энэхүү улс төрийн хямрал зэвсэгт мөргөлдөөнд хүрээгүй байгаа боловч Каталон мужийн төдийгүй Испани даяар, цаашлаад евро бүсийн орнуудад эдийн засгийн тогтворгүй байдал авчирч болзошгүй. Каталоны салан тусгаарлах хөдөлгөөн эцэстээ юунд хүрэхийг одоо Европ даяар нүд салгахгүй анхааралтай ажиглаж байгаа билээ.
Каталонд Испанийн нийт хүн амын 16 хувь нь оршин суудаг боловч улсын нийт экспортын 25.6 хувь, ДНБ-ний 19 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 20.7 хувийг эзэлдэг. Каталанчуудын дунд ‘Madrid nos roba’ буюу “Мадрид биднийг дээрэмдэж байна” гэх яриа гарах болсон нь үүнээс үүдэлтэй юм.
Каталанчуудын зорилго бол Испаниас салж, тусгаар тогтнолоо зарлан Европын холбооны гишүүн улс болох юм. Каталон тусгаар тогтнолоо зарлалаа гэж бодоход ЕХ-д элсэхэд урт удаан хугацаа шаардах нь дамжиггүй. Мэдээж Испани болон холбоотнууд Каталонд хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй билээ.