Тэгж харагдаж байгаа биздээ. Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатартай ноцолдож өдөр хоногийг өнгөрөөх ямар хэрэг байгаа юм бэ. Үүний оронд хийх ажил Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад маш их байна. Тэр Ч.Хүрэлбаатар нь яасан амьтан юм. ‘Монголын баялагт эзэн суусан 30 гэр бүл’-тэй холбоотой гэх. Тэнэг л биш бол тэр нөхөр чинь өөрийнхөө, бас ах дүүгийнхээ нэр дээр компани байгуулах уу. Яаж ч бодсон улс төрд орон зайгаа эзэлчихсэн энэ хүн өөрийн биеэр хууль зөрчсөн үйлдэл хийх үү. Санаанд нэг л буухгүй байна.
Ч.Хүрэлбаатарыг сайдаас нь эргүүлэн татах ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сүрхий идэвхтэй байна. Хүрлээг борвиноос нь зуучихжээ. Барагтай бол тавихгүй л дээ. Өнгөрсөн Их хурлын сонгуулийн үеэр Увс аймагт З.Энхболд АН-ын даргын хувиар очиход Увсынхан түүнийг чулуу модоор нүдэх шахан хөөсөн гэдэг. Учир нь, тэрбээр чуулганы танхимд Увсаас сонгогдсон гишүүдийн нутгийн аялга, зарим үг хэллэгийг элдэвлэснээс үүдэлтэй. Увсынхны үйлдлийг үүнийх нь хариу гэж ярьдаг юм билээ. З.Энхболдын хувьд ‘Ч.Хүрэлбаатарын явуулга’ гэж үздэг гэсэн. Том улс төрд яваа хүн тоолгүй өнгөрөөх үйл явдлын нэг л дээ. Гэвч мартдаггүй юм шиг байна. Мартахгүй байгаагийн илрэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын албан тушаал, эрх мэдлийн буулганд Ч.Хүрэлбаатарыг сайдаас мултлах эрх ашиг хавчуулагдчихсан, өнөөдөр шуугиан болоод явж байна.
Үүний үр дүнд харин Зи-Женког муухай харагдуулж эхэллээ дээ. Их улс төрд яваа хүмүүс ийм гоомой зүйл хийж болохгүй л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн нэг хүнтэй ноцолдох нь цаад хүнийхээ улс төрийн нэр хүндийг өсгөж байгаа хэрэг. Одоо Ч.Хүрэлбаатарын нэр төр огцом өснө. Дагаад намынх нь нэр хүнд өснө. Улс төрд заавал нэг өрсөлдөгчтэй байх, тэр нь том албан тушаалтан юм уу, нийгэмд нэр нөлөө бүхий нэгэн байх. Түүнийгээ өдөж сөдөж гэмээнэ дагаж нэр хүнд нь өсөж байдаг практик бий. Тэр нь Ч.Хүрэлбаатарт ирж, өөрийнхөө улс төрийн нэр хүндийг өсгөж байх шиг байна. Түүнийг зүгээр байж байхад нь Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө өдөж мандуулав. Одоо Ч.Хүрэлбаатар шиг ард түмний хүндэтгэлийг хүлээх улстөрч ойрын хугацаанд гарахгүй. Зи, Женко хоёр шиг адгийн харагдах улстөрчид байхгүй болно. Улс төр өөрөө ийм л юм.
Монгол Улсын хамгийн өндөр дээд албан тушаал бол Ерөнхийлөгч. Энэ улсын эрх мэдлийн дээд цэгт байгаа хувь нэг хүний институц. Ийм том эрэмбэтэй хүн улс орны хэмжээний асуудлаар нийгэмд шуугиан тарьж, түүнийгээ шийдэхийн төлөө олны анхаарлын төвд орвол гоё. Тэрнээс энэ институц маань нэг улс төрчтэй зууралдсаар байвал төрийн өндөр сэнтийг доош нь хийсээр байх болно. Энгийнээр зүйрлэвэл Монголын хамгийн том компанийн захирал, байгууллагынхаа нэг мэргэжилтэнтэй үзэлцэж, шаралхаж, дээр нь гарах гэж тэнэгтэж, нервтэж байгаатай ялгаа юу байна. Ингэж доошоо орох хэрэггүй, Ерөнхийлөгч өө. Увсаас авсан уур хилэнгээ нүхэнд хийгээд бул гэж хүмүүстээ хэл. Улс төрийг том зургаар нь харж хийвэл Та том харагдана. Үүнийг л ард түмэн таниас хүсч байгаа. Үүний төлөө танд саналаа өгсөн. Тэгтэл юун ‘Энэ муу Хүрэлбаатартай нэгийг үзэж, нэхий дээлээ уралцана’ гэж аахилах вэ. Наадхи чинь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд жижигдээд байна.
Үнэхээр та ‘Монголыг цөлмөж буй 30 гэр бүл’ гэдэгт дайн зарлаж, тэдэнтэй тэмцэнэ гэж байгаа бол өөрөө өөрийгөө сөнөөх гэж байгаа юм байна. Гучин гэр бүл байдаг нь үнэн юм бол тэд бүгдээрээ Монголын нийгэмд баялаг бүтээгчид, татвар төлөгчид, ажил олгогчид байгаа. Тэд уствал Монгол улс устах логик яригдах байх. Хөрөнгө цуглуулсан хүмүүс хэзээ ч тэнэг хүмүүс байдаггүй юм. Гарцаагүй тухайн цаг үеийнхээ сорууд, боловсролтой, хөдөлмөрч, алсыг харж чадсан нийгмийн хөтчүүд байдаг. Тэднийг дарангуйлаад эхэлбэл нийгмээ дарамтлаад эхэллээ гэсэн үг. Өнөөдөр Ерөнхийлөгчийн зүгээс гарч буй хандлага бол айдас дагуулахаар байна. 1937 оны их хэлмэгдүүлэлт анх эхлэхдээ коммун нэрээр үндэсний хөрөнгөтөн болох хэдэн зуун өрх айл руугаа дайрснаар эхэлсэн байдаг. Тэр он жилүүдэд Монголын нийгэмд түгсэн хамгийн алдартай уриа бол ‘Хар, шар феодалуудын хөрөнгийг хураана…’ гэж байгаа. Өнөөдөр бол ‘Монголын баялагт эзэн суусан 30 гэр бүлийн…’ гэж эхэлж байна. Энэ хоёр үгний агаар нэг байгаа биз. Нийгмийг хамарсан аймшигт эмгэнэлүүд том юмнаас эхэлдэг гэж бодож байна уу. Үгүй юм билээ. Төрийн эрх мэдэл бүхий албанд очсон хэн нэгний өчүүхэн муу эрх ашгаас үүдэлтэй байдаг юм билээ. 1937 онд Хэнтийн аймгийн Дотоод хамгаалах газрын дарга болох хүүхэнд дуртай нэг нөхөр, Дадал сумын даргын царайлаг эхнэрт сээтэн хаяж нөхрийг нь дээш нь эсэргүү хэмээн матсанаар их хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж түүхчид өнөөдөр үздэг. Төрийн махны машин нэг ажиллаад эхэлбэл өдөөн дэвэргэж, өшөө авах хэрэгслээ болгогсод хар аяндаа гарч ирж туйлд нь хүргэдэг байна. Хэнтийгээс ийм асуудал дэврэнгүүт тус аймагт ажлаар явж байсан Намын төв хорооны нарийн бичгийн дарга Лхүмбийг өрсөлдөгчид нь энэ асуудалтай холбож өшөө хорслоо авснаар цааш ужигран нэг л мэдэхэд 30 мянган хүний аминд хүрсэн их уй гашуу Монголд нүүрлэсэн билээ. Түүхийн үнэн ийм гашуун, ийм ойрхон байхад төрд байгаа том даргын увсчуудад хөөгдсөн хорсол юунд хүргэж, юуг ч эхлүүлж мэдэх юм. Өнөөдөр түүнийг, маргааш таныг … гээд үргэлжилнэ. Өс хонзон гэсэн өөдгүй муу санаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн маань оюун санаанд арай байхгүй байлгүй дээ, бурхан минь.
М.Дүгэр