Монгол Улсын хүн амын халдварт өвчний шалтгаантай нас баралтын эхний эгнээнд сүрьеэ өвчин бичигдэх болжээ. Мөн жил ирэх тусам энэ өвчний шинэ тохиолдлууд нэмэгдэж байна. Иймээс сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогосхонтой ярилцлаа.
–Сүрьеэ өвчин хүн амын дунд зонхилох тулгамдсан асуудал боллоо. Өнөөдөр энэ өвчний тархалт Монгол Улсад ямар түвшинд явж байна вэ?
-Өндөр хөгжилтэй орнуудад ахимаг насны хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт илүүтэй тохиолддог. Гэтэл Монгол Улсад 16-44 насны залуучууд сүрьеэгээр их өвчлөх болсон нь анхаарал татаж байна. Үүнд ажилгүйдэл, ядуурал, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг амьдралын хэв маяг нөлөөлдөг.
-Жилд хэчнээн шинэ тохиолдол бүртгэгдэж байна ?
–Монгол Улс жилдээ сүрьеэгийн 400 гаруй шинэ тохиолдлыг бүртгэж байна. Гэхдээ энэ статистик бол зөвхөн бүртгэгдсэн хүмүүсийн тоон үзүүлэлт. Үүний цаана, сүрьеэтэй гэдгээ мэдэхгүй яваа, оношлогдоогүй, эмчилж чадаагүй зэрэг олон тохиолдол байхыг үгүйсгэхгүй.
–Хүйтний улирал эхэлж байна. Агаарын бохирдол сүрьеэ өвчтэй болох нэг шалтгаан болдог уу?
–Сүрьеэ өвчний 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байдаг. Ялангуяа, Сонгинохайрхан, Баянзүрх гээд хүн ам олноор шилжин суурьшсан дүүрэгт сүрьеэгийн тархалт өндөр байна. Сүрьеэ бол амьсгалын замаар хүнээс хүнд халддаг халдварт өвчин. Иймээс агаарын бохирдол, орчны таагүй байдал сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл байх боломжтой.
-Сүрьеэтэй эхээс сүрьеэтэй хүүхэд төрдөг гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл бий. Сүрьеэ өвчин удамшдаг уу?
-Иргэдийн дунд сүрьеэгийн талаарх ойлголт ихэвчлэн буруу байдаг. Энэ өвчин удамшдаггүй.
-Сүрьеэ өвчин эмчлэгдэх бүрэн боломжтой юу?
-Тийм ээ. Бүрэн боломжтой. Урт хугацаанд эмчилгээ хийгддэг учраас хувь хүн тэвчээртэй байж, эмчийн хяналт дор эмээ уух юм бол 100 хувь эдгэрдэг өвчин. Сүрьеэтэй өвчтөн бүрэн эдгэрэхэд хувь хүн, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны дэмжлэг маш их тус дөхөм болдог. Харамсалтай нь, Монгол Улс сүрьеэгийн эмчилгээг үнэ төлбөргүй хийж байхад зарим иргэд ухамсар дорой, хариуцлагагүй байдлаасаа болж эмчилгээг таслах зэргээр асуудал гаргаж байна. Энэ нь олон эмд дасалтай сүрьеэг бий болгож, нянгийн тархалтыг идэвхжүүлдэг юм.
-Хувь хүн хэрхэн сүрьеэтэй гэдгээ мэдэх боломжтой вэ?
-Сүрьеэ бол амьсгалын замаар хүнээс хүнд халддаг халдвар өвчин гэдгийг дахин хэлье. Иймээс хэн ч энэ өвчнөөр өвчлөх боломжтой. Хамгийн гол нь биеийн эсэргүүцэл сайн байх ёстой. Амин дэмтэй хоол хүнс хэрэглэж заншин, биеийн тамираар хичээллэх, ажил амралтын цагаа зөв зохицуулах, хорт зуршлаас татгалзаж чадах нь чухал юм. Иргэд сүрьеэг ханиад гэж андуурч, хугацаа алдах тохиолдол бий.Иймээс 14 ба түүнээс дээш хоногоор ханиалгах, чээжээр өвдөх, цус цэртэй ханиалгах, бие суларч ядрах, хоолонд дургүй болох, турах, шөнө хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандах нь чухал.
-Энэ өвчинтэй тэмцэх чиглэлд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ямар ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна вэ?
-Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төв, дүүрэг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага болон Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд, бүх дүүргүүдэд “Сүрьеэгүй Улаанбаатар” төсөл хэрэгжиж байна. Мөн сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийнхэнд далд хэлбэрийн сүрьеэ байх магадлал бий гэж үзэн, эрт илчүүлгийн шинжилгээг хийж эхэллээ. Ингэснээр сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Дашрамд дурдахад, сүрьеэ өвчний эмчилгээ үнэ төлбөргүй учир иргэд үүргээ ухамсарлан шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.