Нью Йоркт халдлага гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.01-нд нийтлэгдсэн

Нью Йоркт халдлага гарлаа

Нью Йоркт халдлага гарлаа

АНУ-ын Нью Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ойролцоо үл таних этгээд машинаар дугуйн зам руу орсноор найман хүнийг дайрч, арав гаруй хүнийг мөргөсөн халдлага гарлаа. Халдлагыг ‘Исламын улс’ бүлэглэлийн өмнөөс үйлдсэн гэсэн бичиг цагдаа нар машин дотроос олсон байна. Нью Йорк хотын дарга Билл де Бласио ‘Энэ бол гэм зэмгүй энгийн хүмүүс рүү халдсан алан хядагчдын хулчгар арга” хэмээн мэдэгджээ. Үл таних этгээдийг цагдаагийн ажилтнууд 29 настай Саифулло Хабибуллаевич Сайпов гэгч болохыг тогтоосон байна. Узбекистан гаралтай Сайпов 2010 онд АНУ-д очсон гэнэ. Цагдаа нарт буудуулсан сэжигтэн этгээдэд яаралтай мэс засал хийсэн бөгөөд мөрдөгчид мэс заслын өмнө түүнээс мэдүүлэг авч амжжээ.  Цагдаа нарын олж тогтоосноор, Сайпов Нью Жерси болон Патерсон хотод саяхнаас амьдарч байсныг хөршүүд нь мэдээлжээ. Сэжигтэн халдлага үйлдэхийн өмнө машиныг түрээсэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсандаа  “Бас нэг галзуу этгээд халдлага үйлдсэн бололтой. Нью Йорк хотын халдлагад өртсөн хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Бурхан, эх орон чинь та бүхэнтэй хамт шүү” гэжээ.  Халдлагад амиа алдсан хохирогчдын дунд АНУ-ын иргэдээс гадна Аргентин, Бельгийн иргэн байсан гэнэ. 

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж