Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Чепурной хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой байдал, зам засвар, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн салбарт Беларусийн машин, техник нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулах тухай Беларусийн талын санал болон уг саналыг ажил хэрэг болгох талаар авч байгаа арга хэмжээнүүдийн тухай танилцуулав.
Сайд Д.Цогтбаатар Беларусийн машин, техник өрсөлдөх чадвар сайтайг тэмдэглээд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд яригдаж байгаа төслүүдийг хэрэгжүүлэхийн хамт олон улсын транзит тээврийн үйлчилгээ зэрэг олон салбарт хоёр талын харилцааг урт хугацаанд төлөвлөн хамтран ажиллахын чухлыг онцлов.
Эх сурвалж: ГХЯ