Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Япон Улсын иргэн Каваүчи Широд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
Каваүчи Широ нь Японы Токушима мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд “Кансай Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан ажиллуулж байна. Тэрээр 2012 оноос Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах ажил үйлсэд хүчин зүтгэсэн бөгөөд Японы баруун бүс нутгийн хотуудад монголын ардын урлагийн томоохон хэмжээний тоглолтуудыг өөрийн санхүүжилтээр зохион байгуулж, сүм хийд сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, түргэн тусламж, гал комманд, хогны машин зэргийг бэлэглэж, Улаанбаатар хотод бэйсболын талбай байгуулах зэргээр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжиж ирсэн.
Ш.Каваүчи нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллах болно.
Эх сурвалж: ГХЯ