Ч.Хүрэлбаатарын суудал ганхаж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатарын суудал ганхаж эхлэв үү?

Ч.Хүрэлбаатарын суудал ганхаж эхлэв үү?

Парламентын үнэмлэхүй олонх Засгийн газраа огцруулж, шинэ засгаа байгуулаад сар ч хүрээгүй байхад эхнээсээ ганхаж эхлэв бололтой. УИХ-аас Засгийн газрын гишүүдийг томилсон шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавьсан. Тэр дундаа Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарыг сайдаар ажиллахад эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн томилгоонд нь хориг тавьснаар 65-ын бүлгийг дахин хоёр “хуваахад” хүрэв. Өмнөх Засгийн газраа огцруулна, огцруулахгүй гэдгээрээ МАН-ын бүлэг дотроо хуваагдан парламентын олонх албан бус хоёр бүлэгтэй болчихоод байгаа. Шинэ Засгийн газраа байгуулж, сайд нар томилогдсоноос хойш олонхийн бүлэг эвтэй байгаа гэх боловч үнэн хэрэгтээ МАН доторх хагарал одоо болтол сарниагүйг өчигдрийн үйл явдал нотлов бололтой.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2018 төсөв хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоригийг хэлэлцэх санал гаргасан. УИХ-ын чуулганыг 12.00 цаг өнгөрч байхад завсарлуулж, МАН-ын албан бус хоёр бүлэг нэг хэсэг нь экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өрөөнд, нөгөө хэсэг нь Ерөнхий сайдын өрөөнд хуралдсан юм. Тус тусдаа хуралдсан МАН-ын 32-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, Сангийн сайдыг огцруулах саналд нэгдсэн бол нөгөө хэсэг нь Ч.Хүрэлбаатараас өөр Сангийн сайд хийх хүн байхгүй учраас хоригийг хүлээж авахгүй гэсэн саналд хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Албан бус хоёр бүлэг хуралдсаны дараа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар УИХ-ын даргын өрөөнд хуралдсаны дараа чуулганы үдээс хойших хуралдааныг эхлүүлсэн ч МАН-ын бүлэг 2018 оны төсвийг хэлэлцэхэд нэмж судлах шаардлага бий гэж үзэн завсарлага авсан юм. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдах тов зарласан ч ирц хүрэхгүй байсаар бүлгийн хуралдааныг өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан. Хэдийгээр МАН-ын бүлэг 2018 оны төсвийн төсвөөр тав хоногийн завсарлага авч байгаа боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр хоёр хуваагдсан хэрэг.

Хэрэв 32-ын бүлэг бүгдээрээ хоригийг хүлээж авах нь зөв гэж үзвэл АН-ын есөн гишүүн нэмэгдсэнээр Сангийн сайдын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд огцорно гэсэн үг. Харин олонхиороо хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргавал Сангийн сайд үүрэгт ажлаа үргэлжлүүлэх юм.

Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй 32-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээр санал нэгдсэн байна. Гэхдээ үүнийг улс төрийн хүрээнийхэн МАН-ын 32-ын бүлэг тохиролцох, “шантааж” хийх зорилготой байгаа гэж дүгнэх хүмүүс ч байна. Ямартай ч өнгөрч буй шөнө 65-ын хоёр бүлэг хэрхэн тохиролцсоноос Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үлдэх эсэхээс өнөөдөр зарлагдсан МАН-ын бүлэг хуралдах эсэх нь тодорхой болох биз ээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж