Хөлөөрөө зурдаг зураач охин

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Хөлөөрөө зурдаг зураач охин

Өнөөдөр ‘Үндэсний өгөх өдөр’. Одоогоос хоёр жилийн өмнө энэ өдөр С.Намуунцэцэг охин уран зургийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцуулсан юм. С.Намуунцэцэг охин төрөлхийн тархины саажилттай. Гэхдээ тэр багаасаа зураг зурж сурсан бөгөөд зүүн хөлөөрөө маш чадамгай уран зураг зурдаг нэгэн. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хүсэл мөрөөдөл, зорилгодоо хөтлөгдсөн энэ охин үеийн олон залууст үлгэр дууриалал болж явна.

‘"News" агентлаг  ‘Шинэ нэр’ булангийнхаа энэ удаагийн дугаарт С.Намуунцэцэг охиныг онцоллоо. С.Намуунцэцэг охин зураг зурж байхдаа хязгааргүй их эрх чөлөөг мэдэрдэг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. 

СЭРГЭЛЭНГИЙН НАМУУНЦЭЦЭГ: 1996.04.24
Төгссөн сургууль:

Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийн уран зургийн анги /2014-2017 он/

Мэргэжил: Зураач

Одоо эрхэлж буй ажил: Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: Сэргэлэн Намуунаа  /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ

-Би нэгдүгээр курст суралцаж байхдаа зургийн уралдаанд оролцсон. Уралдаанд би өөрийгөө зураг зурж байгаагаар зурсан юм. Миний анхны уралдаан байсан учраас их ч догдолж байлаа. Гэхдээ би өөрийгөө нэгдүгээр байр эзэлнэ гэж огт төсөөлөөгүй. Тухайн үед уран зургийн багш маань намайг магтаж, маш их урам өгч байлаа. Тэр цагаас хойш зураач болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн дөө.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗУРЖ СУРСАН БЭ?

-Би бага байхаасаа л харандаа, цаас барьчихдаг байсан гэдэг. Гэхдээ би 10 настайгаасаа зураг зурж сурлаа. Тэгээд 17 насандаа Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид суралцаж, амжилттай төгссөн. Ээж маань намайг маш их дэмждэг. Зургийн хэрэгсэл байнга худалдаж авч өгнө. Гэрийн маань өнцөг булан бүр будаг болчихсон байдаг. Тэр нь ч надад гоё санагддаг юм. Би ээж, ах хоёртойгоо хамт амьдардаг. Ах маань БНСУ-д суралцаж байна.

ХӨЛӨӨРӨӨ ЗУРАГ ЗУРАХАД ХҮНДРЭЛТЭЙ ЮУ?

-Би багаасаа л хөлөөрөө юм хийж, зураг зурдаг болсон. Учир нь төрөлхийн тархины саажилттай учраас хоёр гараараа юм хийхэд бэрхшээлтэй байдаг юм. Тийм учраас хөлөөрөө зураг зурахад тийм ч амар биш. Би зүүн хөлөөрөө зураг зурдаг.  Заримдаа хөлийн хуруу чилж, өвдөнө. Гэхдээ би хөлөөрөө зураг зураад сурчихсан. Энэ нь их хугацаа шаардана. Зурж байгаа зургаасаа хамаараад нэг зургийг сар гаруй хугацаанд зурах тохиолдол ч бий. Энэ л үед би хязгааргүй эрх чөлөөг мэдэрдэг.

АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН

-Анх “Энэ бол би” үзэсгэлэнгээ 2015 онд Үндэсний өгөх өдрөөр гаргаж байлаа. Тэр үед би хөгжлийн бэрхшээлтэй дүү нарынхаа хөдөлгөөний эвслийг засах эмчилгээний төхөөрөмж бэлэглэе гэсэн зорилго тээж үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэсэн. Үзэсгэлэнг маань ‘Таны инээмсэглэл’ төв, “Тархины сааны холбоо”-той хамтран зохион байгуулсан юм. Уг үзэсгэлэнг өнгөрсөн жил Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр дахин олон нийтийн хүртээл болгосон. Анхны үзэсгэлэнгээ хүмүүст сонирхуулж, маш их урам авсан.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Надад чөлөөт цаг гарвал номын сангаар үйлчлүүлэх дуртай. Учир нь зурах гэж байгаа зургийнхаа сэдвийг судлах шаардлага гардаг. Жишээлбэл, шувуу зурах гэж байгаа бол шувууны талаар номоос судалж, уншина. Үүний хажуугаар, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн найзуудтайгаа цагийг өнгөрүүлж, уулзалт зохион байгуулдаг юм.

ДУРТАЙ ӨНГӨ?

-Би шар өнгөнд илүү дуртай. Заримдаа зураг зурж байх үедээ уйдах тохиолдог гардаг. Тэр үед зургаа шар өнгөөр будахад сэтгэл сэргээд, маш их эмоцитой болчихдог юм. Мөн зураг зурахдаа сонгодог хөгжим сонсох дуртай.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би үзэсгэлэнгээ дахин гаргахаар төлөвлөж байна. Иймээс ойрын үед номын сан орж, зургийнхаа сэдвийг судлах, багшаасаа зөвлөгөө авах зэргээр үзэсгэлэндээ бэлдэж байна. Үүний зэрэгцээ, би “Жигүүрээ дэлгэх цаг” нэртэй бүтээл туурвиж эхэлсэн. Энэ бүтээл бол миний дипломын сэдэв. Иймээс дипломын ажлынхаа нэр, утга учрыг нь агуулсан зураг зураад эхэлчихсэн явж байна.

 ​​​​​

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Миний мөрөөдөл алхам алхмаар биелж байна. Одоо өөрийн гэсэн урлантай  болохыг мөрөөддөг. Миний хүсэл, мөрөөдөл бол олон уран бүтээл туурвиж, том үзэсгэлэн гаргах явдал юм. Би 2016 онд “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн санаачилгаар АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжүүлсэн, япон хэлнээс орчуулсан “Мангасыг хөнөөсөн нь” номын хавтасны зургийг зурсан. Цаашдаа би уран зургаараа л тууштай явна.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Хөгжлийн бэрхшээлтэй залуустаа хандаж хэлэхэд амьдралд боломж үргэлж байдаг. Тэр боломжийг огтхон ч алдаж болохгүй шүү. Мөн хөгжлийн бэрхшээлтэй гээд сэтгэлээр унах хэрэггүй. Тэртээ тэргүй нийгэм угаасаа сөрөг хандлагатай. Бид тэр хандлагыг өөрчлөх гэж хүчлээд нэмэргүй. Бид өөрсдөө хөдөлмөрлөж байж энэ нийгэм биднийг ойлгоно шүү дээ.

Би “Баярлалаа” гэж хэлэх дуртай. Учир нь хүмүүс надад харамгүй тусалдаг учраас чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлэхийг хүсдэг. Залуус маань ч гэсэн энэ үгийг харамгүй хэлж байхыг хүсмээр байна.

Түүний бүтээлүүд

Гэрэл зургийг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж