Онцгой байдлын албаны билэг тэмдэг болсон сүлд, тугны загвар энэ жилээс өөрчлөгдөж мөнх тэнгэрийг билэгдсэн хөх өнгийн дэвсгэр дээр онцгой байдлын албаны билэг тэмдгийг байрлуулж, “Онцгой байдлын алба” гэж монгол бичгээр сийрүүлэн бичжээ. Энэхүү өөрчлөгдсөн шинэ тугийг өнөөдөр анх удаагаа онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний өмнө залсан нь энэ юм.
Ёслолын арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газрын дарга, комиссар Ц.Амгаланбаяр шинэ тугандаа мөргөж, адис авч, бие бүрэлдэхүүний өмнө тугаа мандуулснаар эхэлсэн юм. Уг үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга комиссар Д.Намсрай, дэд дарга комиссар Т.Бадрал, НОБГ-ын дарга комиссар Х.Батбилэг зэрэг даргын зөвлөлийн гишүүд оролцсон. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдын олгодог “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 10, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 13, ОБЕГ-ын “Жуух бичиг”-ээр 22, “Баярын бичиг”-ээр 36 нийт 127 хүн шагнуулжээ. Харин НОБГ-ын даргын тушаалаар хугацааны өмнөх ахлагч цолоор 31, харин 36 офицер шинээр цол нэмсэн байна.
Дашрамд дурдахад, долдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас эхлэн 18-ныг хүртэлх хугацаанд онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах гэнэ.