Алтан тээлийн хөндий – I

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Алтан тээлийн хөндий – I

Алтан тээлийн хөндий – I

(Аян замын тэмдэглэл)

Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Дарив, Мөст, Манхан суманд захчин түмэн амьдран суудаг өнө эртний түүхтэй сайхан нутаг юм. Тэдэн дотроос Зэрэг сум хөгжлөөрөө аймагтаа төдийгүй улсын тэргүүний сумын болзол хангажээ. Тус сумын уугуул сэхээтэн, эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Ц.Норовдондог ‘Аугаа түүхтэй Алтан тээл нутаг мину’ ном туурвисан байна. 

‘Баруун Монгол буюу Дөрвөн Ойрадын түүхэнд багтаж, Монгол орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө эцсийн дусал цусаа хайрлалгүй тэмцэж, Манжийн дарлалын үед тэсэхүйеэ хүнд бэрх ачааг үүрч, үндэс угсаагаа хадгалан үлдэж чадсан ЗАХЧИН хэмээх баатарлаг ард түмний гарал угсаа, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, өвөрмөц соёл, зан заншлын талаар хойч үедээ зориулан системтэй мэдлэг олгох … ‘, ‘Ойрад Монголын түүхэнд нэрээ дуурсган үлдээсэн олон сайхан баатарлаг эрс, ухаалаг хатад бий’ гэсэн нь чухамдаа энэ нутгийнх билээ.

Монгол улсдаа төдийгүй, дэлхийд алдраа дуурсгасан Зэрэг сумын уугуул олон арван хүмүүний дотор Монгол улсын баатар Дамдингийн НАМНАН, Монгол улсын нэрт эрдэмтэн – соён гэгээрүүлэгч, түүхч, академич Чулууны ДАЛАЙ доктор, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус бүр хоёр удаа сонгогдон ажилласан Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ринчиннямын АМАРЖАРГАЛ, Чимидийн САЙХАНБИЛЭГ, Улсын Их Хурлын гишүүн асан доктор Д.Алтай, эрдэмтэн доктор Ц.Ганболд, Д.Бямбаа, Ц.Лхагвасүрэн, Г.Долгор, Ш.Болд нарын олон эрдэмтэн, Монгол Улсын гавьяат цолтон Ж.Эрхэмбаяр, Б.Эрдэнэчулуун, Т.Янжмаа, А.Энхээ нарын, төрийн албаны ахмад ажилтан Ө.Банди, Б.Бааст, Ж.Түмэнжаргал, Ж.Дамдин нарын, Улсын аварга малчин Н.Жанлав, Р.Цэгмид, Ө.Бямбаа, Т.Бэгз, С.Хавчиг, Ш.Бат, Б.Ваалий, Ө.Цэнд-Аюуш нарын, алдарт бийч Ш.Банзаа, А.Могсоо, хөгжмийн зохиолч Н.Цолмон, Б.Хүрэлбаатар, нэрт сэтгүүлч Б.Эрдэнэбаатар, эх оронч хүү Э.Ганболд, өнөөгийн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, сум орноо 8 жил тасралтгүй удирдаж, улсын тэргүүний сум болгосон Засаг дарга, ИТХ-ын дарга Д.Октябрь, Б.Баатарбилэг нарын олон хүмүүс энэ сумынхны бахархал юм.

Ховд аймагт олон ястан амьдран суудаг. Захчин ард иргэд эрт дээр үеэс ажилсаг бүтээлч байдлаараа бусдаас ялгардаг аж. Социалист нийгмийн тогтолцооны үед захчин түмэн социалист уралдаанд аймагтаа байнга манлайлж ирсний тод жишээ нь тус сум 1974 онд төрийн дээд шагнал ‘Алтан гадас’ одонгоор шагнагджээ. Тэр үед одоо ч улсын хэмжээнд одонгүй аймаг цөөнгүй байгааг хэлэх хэрэгтэй.

Нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал дарга 1970-аад оны дундуур тус суманд хүрэлцэн ирж, сумын хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн мөн тус сумын төвд Ховдын 16 сумын сум, нэгдлийн дарга нарын ‘үзүүлэх сургууль’ зохион байгуулсан. Аймгийн 16 сумын сум, нэгдлийн дарга нарын 9 дарга нь Зэрэг сумын уугуул хүмүүс байсан шүү. Манай сумын хөдөлмөрчид хэзээний ажилч хичээнгүй байсан гэж, Улсын аварга малчин, 78 настай Б.Ваалий гуай, түүний гэргий 76 настай Т.Цэрэндорж гуай нарын бахархан хөөрөлдөж суухыг сонсоход урамтай. 

Хэзээнээс алдартай Зэрэг сумын бүтээлч түмэн олон өглөө бүр зүүн урд зүгт орших Их Сутай хайрхнаа халиардаж (харж), Баатархайрхан (Цаст өндөр сүрлэг оргил)-ыхоо ард (хойд талдаа) жаргалыг билэгдсэн Жаргалант хайрхнаа хойморлож, буян заяа арвин Бумбат хайрханы өвөрт, дөрвөн их хайрхны дунд арвин сайхан атар шимт хөрстэй Алтан тээлийн хөндийдөө намар эрт айл бүр хадлангаа авч хашаа хорооныхоо дээр нарийн ногоон өвсийг эгнүүлэн хураасан нь малчин иргэдийн өвлийн бэлтгэл, өтөг бууцаа базааж, сэтгэл амгалан суугааг харахад цаанаа л нэг өегтэй.

Захчин айл бүр малдаа чулуун хороо (бат бэх хашаа), өөртөө өвөлжөө, хаваржаа, намаржаа бүртээ чулуун сууц (гэр хэлбэртэй дотроо тохилог) барьсан нь аргагүй тэдний ажилсаг хичээнгүйг нотолно. Зундаа их халдаг учир бас шумуулаас дайжиж, малчид атан тэмээндээ гэрээ ачаалан, мал сүргээ туун өндөр хайрхнуудынхаа орой дээр гарч зусдаг нэн онцлогтой юм.

Тус сум Гүвээ, Эхэн, Бураа, Бургасан, Хөндлөн хэмээх багуудтай. Хадлан тэжээлээ сайн базаасан тухай дээр дурдсан. Зуншлага сайнгүй байсан ч шимт хөрстэй Алтан тээлийн хөндий Холбоо нуур, Хөдөө нуур, дөрвөн хайрхны сүрлэг өндөр хавцал бүрээс урсах рашаан, гол, горхины буян өгөөж байлгүй яах вэ, тээлийн хөндийн өвс тэр аяараа шаргалтан нүүгэлдэж байлаа.

Эрдэмтэн зохиолч Бямбын Ренчин гуайн нэгэн шүлэгт: ‘Алтан тээлийн намрыг намар гэхгүй юм бол ямар намрыг намар гэх вэ’ хэмээн уулга алдсан шиг Зэргийнхэн намрын ажлаа аажим аажмаар амжуулсаар, өдрийг завгүй өнгөрөөж буйг харахад үнэхээр биширнэм. 

Бураа багийн Засаг дарга Н.Мягмар малчидтайгаа хонь, ямаагаа угааж байхтай таарав. Нар хурцаар ээсэн намрын шаргал өдөр угаалгасан мал доорхноо хатаж, тэнүүн бэлчээрлэж яваа нь малчдын сэтгэлийг бүлээсүүлнэ. Мал дагавал ам тосдоно гэж юутай үнэн билээ.

Алтан тээлчүүдийн ирэх өвлийг ажрахгүй давах сэтгэлийн тэнхээ, итгэл зориг дүүрэн байгааг малчин олны нүүрийн баясгалангаас харж болно.

Үргэлжлэл бий.

Сэтгүүлч Г.СУМЪЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж