
Монголын үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинээр баригдах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн шав тавьсан бол өнөөдөр Налайх дүүрэгт бас нэгэн шинээр баригдах МСҮТ-ийн шавийг тавих ёслол боллоо. Уг МСҮТ-д 6-7 мэргэжлээр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхээс гадна мэргэжлийн боловсролын багш нарыг сургах ажээ. Өнөөдрийн боловсролын тогтолцоонд мэргэжлийн сургуулийн багш бэлтгэх асуудал дутагдалтай, тулгамдсан асуудлын нэг юм. Тиймээс “Оюу Толгой” ХХК Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу, салбарын сайдтай нь зөвшилцөж, Налайхын МСҮТ-д мэргэжилтэй ажилчдаас гадна багш бэлтгэх, давтан сургахаар болсон байна. Бараг 30 жилийн дараа МСҮТ-ийн иж бүрэн цогцолбор барьж байгаа бөгөөд энэ төв нэг хичээлийн жилд 400 гаруй оюутан, 40-50 багш бэлтгэх багтаамжтай. МСҮТ-ийн цогцолборыг барьж байгуулахад “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс нийт таван сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
“Оюу Толгой” компани БСШУЯ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, 3300 мэргэжилтэн бэлтгэх үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хөтөлбөрт ирэх гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөг зарцуулах юм. Мөн БСШУЯ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, таван жилийн стратеги төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, МСҮТ-үүдийг барьж байгуулж, шинэчлэн сайжруулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох зэрэгт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирсон билээ.
Д.Долгор