ЮНЕСКО-д элссэнээс хойш соёлын 13 өв бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-д элссэнээс хойш соёлын 13 өв бүртгүүлжээ

ЮНЕСКО-д элссэнээс хойш соёлын 13 өв бүртгүүлжээ

Энэ жил Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 55 жилийн ой тохиож байна. Монгол Улс анх 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-ийн дүрэмд гарын үсэг зурж, тус байгууллагын 108 дахь гишүүн болсон түүхтэй. Энэхүү ойн хүрээнд “Дэлхийд данслагдсан Монголын соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэн болон “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлтийг өнөөдөр /2017.10.31/ Гадаад харилцааны яамны танхимд 15:00 цагт зохион байгууллаа.

“Өнгөрсөн 55 жилийн хугацаанд Монгол, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа өргөжиж, олон салбарыг хамарч ирлээ. Бидний хамтын ажиллагаа боловсрол, байгаль орчин, нийгэм, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбоо зэрэг олон салбарт үр бүтээлтэй хөгжиж ирсэн. Цаашид ч энэ хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг зорьж байна. Монголчууд нээлттэй гадаад бодлого явуулж ирсний нэг тод илрэл бол ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн конвенцид 1990 онд нэгдэн орсон явдал билээ. Түүнээс хойш өөрийн орны байгалийн болон соёлын өвийг бүртгүүлж, тэдгээрийг арчлан хамгаалах тал дээр багагүй хүчин чармайлт тавьсан” хэмээн Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг үгэндээ онцолсон юм.

Монгол Улсаас ЮНЕСКО-д зургаан яаралтай хамгаалах шаардлагатай, долоон төлөөллийн өв гээд нийт 13 соёлын өвийг бүртгүүлээд байна. Эдгээрээс хамгийн сүүлд 2005 онд ингэ хөөслөх зан үйлийг бүртгүүлжээ. “Энэ оны ээлжит Засгийн газар хоорондын хурлаар уул овоо тахих зан үйлийг бүртгүүлэхээр авч, хэлэлцэнэ” гэдгийг Соёлын өвийн төвийн Биет бус өвийг хамгаалах хэлтсийн дарга А.Саруул хэллээ.  

Мөн энэ үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга “ЮНЕСКО ба Монгол Улс” номыг бүтээх санаа анх 2008 онд төрсөн. Тэр цагаас хойш ажил хэрэг болж чадалгүй өнөөдрийг хүрч, энэ жил 55 жилийнхээ ойгоор номоо бичиж дуусгахаар санал нэгдсэн юм. Ингээд үе үеийн дипломатч, төр нийгмийн зүтгэлтэн, комиссын дарга зэрэг бүх хүмүүсээс дурсамжийг нь хүлээн авсан. Энэ номд 40 гаруй төлөөллийн нандин дурсамж, түүх багтсан. Тэр бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж