Тусгай дуут дохиог хяналтгүй олгодог уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Тусгай дуут дохиог хяналтгүй олгодог уу?

Тусгай дуут дохиог хяналтгүй олгодог уу?

ЗЦА-наас хураасан тусгай дуут гэрлэн дохионууд...

Автомашинд тусгай дуут, гэрлэн дохио ашиглах зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга олгох эрхтэй. Энэ журмын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв тусгай дуут гэрлэн дохио ашиглах эрхтэй байгууллага, дарга нарын бүрдүүлж ирсэн материал, машиныг шалгаж,  нэг жилийн хугацаатай зөвшөөрлийн бичиг өгдөг аж.

Гэтэл замын цагдаагийнхан 2-3 сар тутамд гэнэтийн шалгалт хийх болгондоо зөвшөөрөлгүй 50-100 ширхэг машины дуут болон гэрлэн дохио хурааж авдаг байна. Энэ жишгээр өчигдөр /2017.10.30/ гэнэтийн шалгалт хийхэд дараах газруудын нэр дээр бүртгэлтэй автомашинуудаас зөрчил илэрсэн юм. Үүнд: 

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Прокурор
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Санхүүгийн зохицуулах хороо
  • Гаалийн ерөнхий газар
  • “Эрдэнэс Таван толгой” ХК багтаж байна. 

Шалгалтын үеэр нийт 60 машины дуут дохиог хураан авч, жолооч нарынх нь жолоодох эрхийг гурван сараар хасч, Зөрчлийн тухай хуулийн 14.7.16 дүгээр зүйлд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ.

Ингэж торгоод, дохиог хурааж авдаг ч тусгай дуут, гэрлэн дохио зүүсэн машины тоо цөөрдөггүй гэдгийг Замын цагдаагийнхан өөрсдөө ч хэлдэг.

Яагаад дохиоллын тоо цөөрөхгүй байна, хэн түүнийг олгож байна. Эсвэл зарж борлуулах сүлжий бий болсон уу? Иргэд, жолооч нарын тавьдаг эдгээр асуултад Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн зөвшөөрөл хяналтын хэсгийн дарга Г.Амарсанаагаас тайлбар авлаа. 

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн зөвшөөрөл хяналтын хэсгийн дарга Г.АМАРСАНАА

Тэрбээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио зүүсэн машины тоо нэмэгдсэн нь цагдаатай бус худалдаачидтай холбоотой гэв. Автомашины сэлбэг борлуулдаг зах, худалдааны  төвүүдэд тусгай дуут, гэрлэн дохиог ямар ч хяналтгүйгээр зардаг. Энэ тухайгаа худалдаачид “Ашигаа бодоод зөвшөөрөлтэй эсэхийг нь харгалзахгүйгээр авъя гэсэн хүн болгонд шууд зардаг” гэж цагдаа нарт тайлбарладаг аж. Худалдаанд хяналт байхгүй учраас зөвшөөрөлгүйгээр дуут, гэрэл дохио машиндаа суурилуулах нь нэмэгдсэн гэж тэрбээр тайлбарлав. Энэ зөрчлийг арилгахын тулд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвөөс дуут болон гэрлэн дохио худалддаг, хилээр оруулж ирдэг аж ахуйн нэгж, иргэдэд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг боловсруулж эхэлжээ. 

Харамсалтай нь, иргэд гэхээсээ илүү хууль хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагууд ихэвчлэн зөвшөөрөл авахгүйгээр зах, худалдааны төвүүдэд зардаг гэрэл дохиог автомашиндаа суурилуулж байгаа нь хамгийн их анхаарал татаж буй.  Хариуцлагыг нь зөвхөн жолооч үүрээд өнгөрөх ёстой юу гэсэн асуулт энд яригдана. 

Тусгай дуут, гэрлэн дохиог өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэлдээ ашиглах эрхтэй байгууллагууд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зөвшөөрөл хүсэхдээ дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд, 

  • Байгууллага, албан тушаалтны албан хүсэлт,
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар,
  • Тээврийн хэрэгслийн бичиглэлийг ‘Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио’ МNS4979:2016 стандартын дагуу хийсэн эсэхийг харуулсан болон тээврийн хэрэгслийг бүхэлд нь харуулсан фото зураг /Лед буюу туузан гэрлийг Монгол Улс ашиглахыг зөвшөөрөөгүй байна/.

Техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын албад дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Тодруулбал, 

  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар,
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар бүлгийн 2.4 дэх заалтыг жолоочид танилцуулсан баримт,
  • Тээврийн хэрэгслийн торгуулийг www.torguuli.mn сайтаас магадлан шалгаж, торгууль бичигдсэн тохиолдолд заавал төлж барагдуулсан байх юм. 
     

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ, ГЭРЛЭн ДОХИО ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж