Данийн зохион бүтээгч Петер Мадсен сураггүй алга болсон швед сэтгүүлчийн цогцсыг мөчилснөө хүлээн зөвшөөрч байгаа ч бүсгүйн амийг хороогоогүй гэж цагдаад мэдүүлсэн байна. Сэтгүүлч Ким Воллыг хөнөөсөн хэргийн гол сэжигтэн Петер Мадсен бүсгүйг анх өөрийнхөө шумбагч онгоцон дээр байхдаа угаарын хийд хордож нас барсан гэжээ. Харин дараа нь шүүх хурал дээр мэдүүлэг өгөхдөө сэтгүүлч бүсгүй шумбагч онгоцны хавхлаганд цохигдож амиа алдсан гэж мэдүүлсэн нь зөрж байгаа юм.
Сэжигтний мэдүүлгүүд хоорондоо зөрж байгаа тул шүүх эмнэлгийн шинжилгээ болон батлан хамгаалахын шумбагч хөлгийн шинжээчийн дүгнэлтийг дахин шалгах шаардлагатай хэмээн хэргийн ахлах мөрдөн байцаагч Женс Мюллер ярьсан байна. Данийн шумбагч цагдаа нар Кёге буланд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч бүсгүйн тасалсан гар болон сэжигтэн, хохирогч хоёрын гар утсыг олоогүй байгаа юм. Петер Мадсен бүсгүйн цогцсыг мөчилсний дараа Кёге буланд далайн усанд хаясан гэж мэдүүлсэн юм.
Мөн Мадсен бүсгүйг хүчиндэж, амийг нь хороосон хэрэгт өөрийгөө буруугүй гэж тайлбарлаж байгаа ажээ. Петер Мадсенаас ярилцлага авахаар төлөвлөж байсан сэтгүүлчийг хамгийн сүүлд түүний шумбагч хөлөг дээр гэрчүүд харснаас хойш бүсгүй сураггүй алга болсон юм.
Н.Энхтуяа