“Газар дундын тэнгисийн археологийн аялал жуулчлалын солилцоо” үзэсгэлэнд оролцов

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

“Газар дундын тэнгисийн археологийн аялал жуулчлалын солилцоо” үзэсгэлэнд оролцов

“Газар дундын тэнгисийн археологийн аялал жуулчлалын солилцоо” үзэсгэлэнд оролцов

Италийн Пестиум хотноо аравдугаар сарын 26-29-нд 20 дахь жилдээ зохион байгуулагдсан “Газар дундын тэнгисийн археологийн аялал жуулчлалын солилцоо” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа оролцлоо. Эртний түүх, соёл, археологийн өвөрмөц, баялаг олдвортой Монгол улсаа дэлхийн нэр хүнд бүхий олон улсын энэхүү үзэсгэлэнд тусгайлсан павильон авч оролцож, таниулах ажлыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам “Нью жуулчин” компанийн АНУ дахь төлөөлөгч, Монголын “Чулуун Шастир” ТББ-ын төлөөлөгч нартай хамтран зохион байгуулав. Монголын ЭСЯ-ны павильонд хадны зургийн өнгөт плакатууд өлгөн, дэлгэцэн дээр улс орныхоо соёл, археологийн түүхэн үзвэрүүд, үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын газруудын тухай видео бичлэгүүд үзүүлж, англи, итали хэл дээр гаргасан сэтгүүл, товхимол тарааж, үзэсгэлэн үзэгчдийн сонирхсон асуултуудад хариулж, мэдээлэл өгөв.

Элчин сайд Ц.Жамбалдорж “Газар дундын тэнгисийн археологийн аялал жуулчлалын солилцоо” үзэсгэлэнд оролцох үеэрээ тус үзэсгэлэнгийн Удирдах захирал Уго Пикарелли, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай нартай тус тус уулзаж ярилцав. Элчин сайд Монгол Улс энэхүү үзэсгэлэнд жил бүр оролцдог болох, монголд соёлын болон археологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, туршлага судлах талаар Уго Пикареллитай санал солилцов. Үзэсгэлэнгийн хүрээнд болсон “Дэлхийн археологийн өв газруудад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх нь” сэдэвт семинарт Элчин сайд оролцов. Семинарт Италийн Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд, Бахрейн, Камбож, Перу, Иракийн соёлын дэд сайд, Иорданы гүнж, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай нар үг хэлсэн болно.

“Газар дундын тэнгисийн археологийн аялал жуулчлалын солилцоо” олон улсын үзэсгэлэн нь оролцогч улс орнууд мультимедиа, виртуал технологи ашиглан өөрсдийн археологийн өв, үзмэрүүдийг танилцуулж, соёл, археологийн аялал жуулчлалын солилцоог хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулдгаараа онцлогтой юм. Үзэсгэлэнд Бахрейн, Египет, Марокко, Тунис, Сири, Франц, Алжир, Грек, Ливи, Перу, Камбож, Турк, Азербайжан зэрэг дэлхийн 20 орчим орон сүүлийн жилүүдэд тогтмол оролцож ирсэн бөгөөд 2017 онд Монгол Улс анх удаа оролцов. Үзэсгэлэнг 10 гаруй мянган үзэгчид үзэж сонирхдог юм байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж