Аллагын нууц баримтууд юу өгүүлэв?

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

Аллагын нууц баримтууд юу өгүүлэв?

Аллагын нууц баримтууд юу өгүүлэв?

АНУ-ын засгийн газар ерөнхийлөгч асан Жон Кеннедийн аллагатай холбоотой 2,891 баримт материалыг өнгөрсөн пүрэв гаригт олон нийтэд дэлгэсэн юм.

Харин АНУ-ын тагнуулын төв агентлаг, холбооны мөрдөх товчооноос ерөнхийлөгч Д.Трампт зөвлөсний дагуу үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах байгууллага болон гадаад харилцаанд сөргөөр нөлөөлж мэдэх зарим баримтуудыг гаргахаа түр хугацаанд хойш тавьжээ.

 

АНУ-ын түүхэн дэх хамгийн нууцлаг улс төрийн аллага

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийг 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Техас мужийн Даллас хотод буудаж хөнөөсөн. Жон Кеннедийг хөнөөх үед тэрээр задгай дээвэртэй лимузин машинтай ерөнхийлөгчийн цуваанд явж байжээ. АНУ-ын ерөнхийлөгчийг толгойд нь нэг, нуруунд нь нэг буудсан байв. Лимузин машинд Жон Кеннедийн өөдөөс хараад сууж байсан Техас мужийн захирагч Жон Конэлли бас шархадсан боловч амьд гарсан. Аллага болсноос хойш нэг цагийн дараа Ли Харви Освальд гэгчийг баривчилсан бөгөөд түүнийг саатуулахаар очсон цагдаа Типпит мөн амиа алдсан юм.  Аллагаас хойш 12 цаг өнгөрөхөд Ли Харви Освальдад Жон Кеннеди болон цагдаагийн ажилтан Типпит нарыг хөнөөсөн хэргээр ял төлөвлөсөн байв.

24 цагийн дараа Ли Харви Освальдыг Даллас хотын цагдаагийн газраас харгалзагч нарын хамт гарч явахад нь олны дундаас гэнэт гарч ирсэн хотын шөнийн клубын эзэн Жэк Руби гэгч хэвлийд нь буудаж хөнөөсөн юм. Энэ үйл явдлыг телевизээр шууд дамжуулж байсан учраас олон сая хүн энэ алуурчны үхлийн гэрч болсон билээ. Жэк Рубид Ли Харви Освальдыг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял оноосон ч тэр давж заалдсан юм. Гэвч Жэк Руби давж заалдах шүүх хурал болохоос өмнө 1967 онд хорт хавдрын улмаас шоронд нас барсан гэдэг.

 

Жон Кеннедийн аллагын албан ёсны тайлбар

Жон Кеннедийн аллагаас хойш нэг долоо хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон аллагыг мөрдөн шалгах тусгай комисс байгуулах зарлиг гаргасан юм. Комиссыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ерл Уоррен тэргүүлж байснаас Уоррены комисс гэгдэх болсон байна.

1964 оны есдүгээр сард Уоррены комиссоос гаргасан албан ёсны дүгнэлтэд Жон Кеннедийг Техасын сургуулийн номын архивын барилгын зүүн урд талын зургадугаар давхраас буудсан. Жон Кеннедийг Ли Харви Освальд буудсан. Ли Харви Освальд болон Жэк Руби нар хамтарч аллага үйлдсэн, эсвэл дотоод, гадаадын байгууллагатай сүлбээтэйг нотлох баримт байхгүй гэжээ.

 

Нэмэлт мөрдөн байцаалтууд:

  • 1968 он: Шинжээч эмч нар Уоррены комиссоос гаргасан шүүх эмнэлгийн дүгнэлтийг зөвшөөрөв.
     
  • 1975 он: Рокфеллерийн комисс энэ аллагад АНУ-ын тагнуулын төв агентлаг холбоотойг нотлох баримт олоогүй.
     
  • 1979 он: Цагаан ордноос томилсон комисс Уоррены комиссын дүгнэлттэй санал нийлсэн ч ерөнхийлөгч Жон Кеннедийг хоёр мэргэн буудагч буудаж хөнөөсөн байх магадлал өндөр гэв.
     
  • 1992 он: Конгресс Жон Кеннедийн аллагатай холбоотой таван сая гаруй хуудас баримт материалыг Үндэсний архивын газарт шилжүүлэх тухай хууль батлав. 1992 онд Конгрессын баталсан хуулиар дээрх бүх баримт материалыг АНУ-ын ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд 25 жилийн дотор олон нийтэд ил болгох тухай заасан бөгөөд тэр хугацаа нь аравдугаар сарын 26-нд дуусгавар болсон.

Аллагатай холбоотой ямар сэжиг таамаг гарч байв?

Жон Кеннедийг ерөнхийлөгчийн цуваанд задгай машинд сууж байхад нь олны нүдэн дээр буудан хөнөөсөн тул олон хүн, телевиз үзэгчид түүний үхлийн гэрч болсон юм.  Харин цугласан олон хүн дундаас ерөнхийлөгчийг хамгийн ойроос харсан  11 настай охин Тони Гловер Ли Харви Освальдаас гадна өөр бас нэг хүн буудсаныг баталдаг билээ. Охины мэдүүлснээр хоёр дахь мэргэн буудагч замын эсрэг талаас буудсан аж.

Мөн Вашингтон Пост сонины сэтгүүлч байсан Жефферсон Морли Жон Кеннедийн аллагатай холбоотой хэд хэдэн ном бичсэний нэгд нь Тагнуулын төв агентлагийн сөрөг тагнуулын дарга Жеймс Англетоныг түүний үхэлд сэжиглэсэн юм. Түүний үзсэнээр Жон Кеннедийг ар нуруунаас нь буудсан сум биш урдаас нь буудсан сум үхэлд хүргэсэн аж. Кеннедийн машинтай цувааг телевизээр шууд дамжуулсан бичлэгт буудуулах үедээ толгой нь хойшоо савж байгаа харагддаг. Эндээс харахад түүнийг урдаас нь буудсан гэх таамаг гарсан юм. Гэвч Сөрөг тагнуулын дарга үүнийг няцаасан байдаг.

Мөн Ли Харви Освальдын хацарт параффин шинжилгээ хийж, түүнийг винтов буугаар буудаагүйг тогтоосон юм. Гэвч энэ шинжилгээний дүн ихэд эргэлзээ төрүүлдэг. Жон Кеннедийг буудуулах үед машины урд сууж явсан Техас хотын захирагч Жон Конелли түүнийг шархдуулсан сум Кеннедийг хөнөөсөн сумнаас өөр байсныг баталдаг. Энэ бүх таамаг сэжиг Жон Кеннедийг хөнөөхөд Ли Харви Освальдаас гадна өөр этгээд байсан гэдэг таамаг амь бөхтэй оршиход нөлөөлж ирсэн.

Энэ бүхнээс урган гарсан одоо хүртэл хариултгүй үлдсэн асуулт бол Ли Харви Освальд Жон Кеннедийг хөнөөх зорилготой байсан гадаадын тагнуулын гар хөл байсан уу гэдэг юм.

Уоррены комисс Ли Харви Освальд Жон Кеннедийг ганцаараа хөнөөсөн гэдэг дүгнэлт гаргасан ч түүнийг 1959 онд ЗХУ-д очиж, зөвлөлтийн иргэн болох хүсэлт гаргаж, 1962 он хүртэл тэнд амьдарсныг нотолсон юм.  Хамгийн хачирхалтай нь Освальд Кеннедийг хөнөөхөөс хоёр сарын өмнө 1963 оны есдүгээр сард Мехико хот дахь Куб болон ЗХУ-ын элчин сайдын яаманд очжээ. Гэвч Освальд Мехико хотод юу хийж байсан, Кубын болон Зөвлөлтийн тагнуулын ажилтнуудтай уулзсан эсэх, тэднээс нууц даалгавар авсан эсэх нь оньсого хэвээр үлдсэн юм.

Нууц баримтууд юуг дэлгэв?

Судлаач, сэтгүүлчид болон олон нийтийн шууран сонирхож буй Кеннедийн аллагатай холбоотой 2,891 баримт олон жил үргэлжилсэн таамаг, сэжиг, хариултгүй үлдсэн олон асуултад бүрэн хариулт өгч чадахгүй ч олон ноцтой асуудлыг ил болгож байна.

Одоогоор ил болсон баримтуудаас хамгийн сонирхол татаж буй нь Жон Кеннедийг хөнөөсөн Ли Харви Освальдыг баривчлан саатуулсан байх үед Даллас хотын цагдаагийн газар руу нэгэн үл таних хүн утасдаж, Освальдыг ална гэж заналхийлсэн тухай баримт юм. Харин Освальдыг хэвлийд нь буудаж алсан Жэк Руби утсаар яриагүй хэмээн баталсан байдаг. Үл таних хүн Даллас хотын цагдаагийн газар руу утас цохиж, тайван дуугаар өөрийгөө Освальдыг алах зорилготой, зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүн гэж танилцуулсан байжээ.

Мөн нэгэн хачирхалтай баримт гарч ирсэн нь Зөвлөлтийн улс төрийн албан тушаалтнууд АНУ-ын ерөнхийлөгчийн аллагын ард зохион байгуулалттай бүлэглэл, хэт барууны үзэл баримтлалтай төрийн эргэлт гаргахыг санаархагчид, магадгүй Жон Кеннедийн дараа ерөнхийлөгч болсон Линдон Жонсоныг ч байж магадгүй гэж сэжиглэж байсан тухай юм. Тухайн үед ЗХУ лидергүй болсон АНУ-ын зарим генералууд ЗХУ руу цөмийн пуужин илгээх вий гэхээс эмээж байсан гэнэ.

Жон Кеннедийн аллагатай холбоотой холбооны нууцын зэрэглэлийн баримтууд ийнхүү олон нийтэд ил болж байгаа үед бас нэгэн хачирхалтай баримт гарч ирсэн нь Фрэнк Кэпеллийн “Мэрлин Монрогийн хачирхалтай үхэл” нэртэй ном хэвлэгдэх гэж буй тухай Холбооны мөрдөх товчоо тухайн үед Холбооны ерөнхий прокурор байсан Жон Кеннедийн бага дүү Роберт Кеннедид мэдэгдсэн баримт юм. Холливуудын жүжигчин Мэрлин Монрог ерөнхийлөгч Жон Кеннеди болон түүний дүү Роберт Кеннеди нартай хоёулантай нь амрагийн харьцаатай байсныг түүний найз нөхөд болон Холливууд даяар мэддэг байсан ч хэн ч ил гаргаж байгаагүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж